Дотоодын аялагчид ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-02 12:04:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил “COVID-19” вирусний улмаас гадаадын жуулчин ирээгүй бөгөөд дотоодын аялагчид ихэссэн талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар мэдээллээ.

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, жуулчны бааз, амралт, рашаан сувиллын нийт 159 аж ахуйн нэгж, байгууллага тус аймагт байдаг юм. 2018-2019 онд 163,7 мянган аялагч, жуулчид ирснээс 121,9 мянга нь дотоодын аялагчид байжээ. Жилдээ 40,0 мянга орчим дотоодын аялагчид ирдэг бөгөөд 2018 онд аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тэмдэглэсэн жил дотоодын аялагчдын тоо хоёр дахин өсч байжээ.

Аялал жуулчлалын дотоодын 10 маршрутыг тогтоож, тусгай сонирхлын аяллыг төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарснаар  адал явдалт аялал жуулчлал буюу Эг, Сэлэнгэ, Орхон голын усан аялал, ан агнуур, фото сафари, загас барих зэрэг төрлийн аялал жуулчлал орон нутгийн иргэдэд тулгуурлан хөгжиж байна. Эдгээр аяллыг гадаадын жуулчид түлхүү сонирхдог бөгөөд Зэд, Хантайн нуруунд морин аялалд гадаад, дотоодын 25 аялагч оролцож,  Баяннуур, Хутаг-Өндөр сумын нутагт хаврын улиралд Герман, Францын 12 жуулчин усны шувуу ажиглах аялал хийжээ. “Хөвсгөл трейвэл”, “Инголзолота” ХХК-ууд Эг, Сэлэнгэ голуудад Европын жуулчдад зориулсан загасны аялал зохион байгуулахад ихэвчлэн Итали, Чех, Германы жуулчид ирдэг байжээ.

相关新闻