Модон бөмбөгийн улсын аваргууд Багануурт тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн 2020 оны 9 дүгээр сарын 12-13-нд Багануур дүүрэгт буюу “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх Цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тус тэмцээнд Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгийн болон нийслэлийн 20 гаруй байгууллага, их дээд сургууль, клубийн 100 орчим баг тамирчид оролцохоор мэдүүлгээ Монголын модон бөмбөгийн холбоо /ММБХ/-нд ирүүлжээ.
Тэмцээн хоёр үндсэн төрлөөр явагдах бөгөөд цохилтын төрөл ганцаарчилсан, багийн, холимог хос, хосын ангилалд тус тус явагдана. Харин талбайн цохилтын тэмцээн нь шилдэг тамирчдын хооронд ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй төрлөөр болно.
Ийнхүү Багануур дүүрэгт анх удаагаа зохион байгуулах модон бөмбөгийн
тэмцээний бэлтгэл ажлыг хангахаар ММБХ, Багануур дүүргийн ЗДТГ, Багануур
дүүргийн модон бөмбөгийн клуб хамтран ажиллаж байна.
Коронавирусний халдвараас
урьдчилан сэргийлж онцгой байдал зарласан энэ үед Нийслэлийн засаг даргын
хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын газраас модон бөмбөгийн УАШТ-ийг Багануур
дүүрэгт явуулахыг зөвшөөрч ММБХ-нд албан тоот ирүүлээд байгаа аж.