Н.Түвшинбаяр Биатлоны тамирчидтай цахим уулзалт хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр нар Беларусь улсын Минск хотын Раубичи олон улсын А зэрэглэлийн бэлтгэлийн төвд бэлтгэл сургууль хийж буй Үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ.
Энэ уулзалтаар Н.Түвшинбаяр биатлоны тамирчдын бэлтгэлийн нөхцөл байдлын явцтай танилцаж, цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүссэн юм. Биатлоны Үндэсний шигшээ баг 2020 оны долдугаар сарын 28-нд эх орноосоо мордсон билээ. Тэд 2020 оны 10 дугаар сарын 22 хүртэл Раубичи олон улсын бэлтгэлийн төвд бэлтгэлээ базаана.
Манай
багийн ерөнхий дасгалжуулагчаар олимпын алт, мөнгө, дэлхийн дөрвөн удаагийн
аварга, Беларусь улсын гавьяат дасгалжуулагч А.Попов ажиллаж байна. Туслах
дасгалжуулагчаар ОУХМ Б.Бат-Эрдэнэ, менежерээр Б.Лхагвасүрэн ажиллаж байгаа
бөгөөд баг 5 тамирчин бэлгэлээ базааж байгаа юм.
Монголын баг тамирчид 2020 оны
11 дүгээр сарын 22-30-нд Шведийн Идред, 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын
5-ны өдрүүдэд IBU CUP тэмцээнд оролцох юм байна. Энэ тэмцээнээс манай тамирчид
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авахыг зорьж байгаа юм. Тус
эрхийг авбал 12 дугаар сарын 7-ноос 2021 оны гуравдугаар сарын 21 хүртэл
үргэлжлэх олимпын эрхийн оноо олгох Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцох
боломжтой юм байна.
Биатлоны шигшээ багт: Э.Энхсайхан /Дархан/, Ц.Адьяажаргал /Булган/, Т.Ариунболд /Эрдэнэт/, М.Должинсүрэн /Эрдэнэт/, Д.Энхчимэг /Эрдэнэт/