Хүүхдийн эрх хамгаалах "Сүүдэр бүү тусга" нөлөөллийн аяныг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийн зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" аяныг хэрэгжүүлж байна.
Аянгыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн зөн олон улсын байгууллга, JCI олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Аяныг нээх үеэр "Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгуулллагын үүрэг оролцоог
нэмэгдүүлэх үүднээс аян зохион байгуулж байна. Хүүхэд хамгаалах үйлчилгээнд
шаардлагатай төсөв хөрөнгө, бүтэц үйлчилгээг 3 дахин нэмсэн. Нийгмийн
хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн
болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага хамтран хүүхэд
хамгааллын чиглэлээр олон ажлыг хийж байгаагийн нэг нь "Сүүдэр
бүү тусга" арга хэмжээ юм.
Хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн хөгжлийн үндсэн нэгж болсон гэр бүлийн амьдралд эцэг, эх, үр хүүхдээ дээдлэх, эвийг хичээх, эрдэм номыг шүтэх, монгол гэр бүлийн өвөрмөц соёл улам бүр гээгдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийг үл хайхрах, гэр бүл салах, хүүхэдтэй зүй бус харицахаас гадна эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүйгээс хүүхдийн эрх зөрчсөн тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. Хаалганы цаана хохирч байгаа хүүхэд, гэр бүлд хугацаа алдалгүй, шуурхай төрийн үйлчилгээг хүргэхээр бүх боломжоо дайчилан ажиллаж байна. Мөн нийгмийн сэтгэл зүйг эерэгжүүлэх, соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо чухал. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн нийгмийн хандлагыг эерэгжүүлж, зөв мэдээллээр олон нийтийг хангах, хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэж, нийт бүртгэлтэй 897.8 мянган гэр бүл, манай улсын нийт хүн амын 36.8 хувийг эзэлж байгаа хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэлгүй, сайхан нийгэмд амьдруулахын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэж зохион байгуулагчид нь хэллээ.
ЦЕГ-ын Хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан гэр бүлийн хүчирхийллийн талаарх судалгааг танилцуулав. Тэрээр "Гэр бүлийн хөгжил төлөвшил, үүрэг хариуцлага, соён гэгээрүүлэх чиглэлээр урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулна. Цагдаагийн байгууллагаас хүүхэд хохирсон нуугдмал, илрээгүй хэргийг мөрдөн шалгаж, илрүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Мөн хөдөө орон нутагт хүүхдийн нуугдмал хүчирхийлэл түлхүү гардаг учир тэдгээр гэмт хэрэг үйлдэгч нараас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэнэ. Сүүлийн 3 жилд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь ойр дотны хүмүүс нь байна гэсэн судалгаа гарсан. 2017 оны судалгаанаас харахад хүүхдийн бие махбодын хүчирхийллийн 49.7 хувь нь гэр бүлийн орчин, сургуулийн орчинд үйлдэгдсэн байна. Иймд хүүхэд рүү чиглэсэн мэдээ мэдээлэл, контентийг зөв зохистой түгээх уриалгын энэ аяныг зохион байгуулж байна.
Жилд дундажаар 6 мянга орчим буюу таван хүн тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг. Гудамж талбай, гэр бүлийн хүрээнд, бэлгийн хүчирхийлэлд өртөж хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа. Сүүлийн 3 жилийн байдлаар 3 мянга 378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5 мянга 43 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай судалгаа бий. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ч өссөөр байгаа нь эрүүгийн хуулинд заасан хамгийн хүнд ял буюу бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг юм" гэсэн мэдээллийг өгсөн юм.