Өрсөлдөөний хуульд гадаад зах зээлд гарах зохицуулалтыг тусгахыг санал болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийнхөн, тэр дундаа ЖДҮ эрхлэгчид Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны төсөлд саналаа өглөө.
Энд ЖДҮ эрхлэгчид нэгдүгээрт, төр өөрөө бизнесийн өрсөлдөгч болсон талаар шүүмжлэлтэй хандаж байлаа. Тодруулбал, төр ЖДҮ эрхлэгчид болон бусад бизнесийнхний оруулсан хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгөөс давсан, том том компанийг олноор байгуулаад байх юм бол бизнес эрхлэгч нарт хохиролтой, бизнес хийхэд хүндрэлтэй байдалд хүргэнэ гэдгийг хэлж, энэ талаар Өрсөлдөөний тухай хуульд тодорхой заалтыг суулгаж өгөхийг хэлж байв.
Нөгөө талаар өнөөдрийн Өрсөлдөөний тухай хууль, түүний дагаж мөрдөх журам, зарчмууд зөвхөн дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулахаар хийсэн байгааг өөрчилж, гадаад, дотоод зах зээлийг хамрах байдлаар, тодруулбал, үндэсний ААН-үүдээ олон улс, дэлхийд гаргах байдлаар өөрчилж шинэчлэх хэрэгцээ байна, мөн дотоодын зах зээлийг хамгаалах талаар тусгаж өгөхийг санал болгож байв.
Томоохон компаниуд зах зээлд үнийн хэт өндөр хөөрөгдлийг үүсгэх, эсвэл үнийн хамгийн бага хэмжээгээр зах зээлд монопол, шударга бус байдлыг бий болгож буйг мөн хөндөж, энэ талын хязгаарлалтын зохицуулалтыг оруулах саналыг хэлж байв. Нэг ёсондоо монопол байдлыг хязгаарлах шударга өрсөлдөөнийг илүү дэмжсэн хууль хэрэгтэй байгааг илэрхийлж байв.
Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ оны IV улиралд багтаан Засгийн газарт өргөн барих талаар ШӨХТГ-ын удирдлага өнөөдрийн хэлэлцүүлэг дээр мэдэгдлээ.