Н.Баярсайхан нарын 6 хүнд хорих ял оноов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэнхимд өчигдөр буюу 9 дүгээр сарын 21-нд боллоо.
Гэм буруугийн шүүх хурлаар шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 2 жил 8 сарын хугацаатай хорих ял оноов. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин шүүгдэгч Э.Аззаяад нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Г.Элдэв-Очирыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч С.Бүрэнтөгсийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оноожээ.
Иймээс прокурорын
эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019
оны 9 дүгээр сарын 10-нд уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар
анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан билээ.