Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн 11 хувь нь хүүхэд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар ЦЕГ, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын удирдлагуудын мэдээллийг сонслоо.
УИХ-ын намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Тиймээс дээрх хоёр хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах саналаа ирүүлэхийг ЦЕГ болон бусад байгууллагын удирдлагуудад сануулав.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан, "Бэлгийн хүчирхийлэл үйлдэх үндсэн гурван шалтгааныг судалгаагаар гаргасан. Нэгдүгээрт, гэр бүл салалт. Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай шууд холбоотой. Гуравдугаарт, цахим сүлжээ. Эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хэрхэн сайн ээж, аав болох хичээлийг ЕБС-ийн хичээлийн хуваарьт оруулах зайлшгүй шаардлага бий болсон" гэлээ.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн 87 хувь нь эмэгтэй, 11 хувь нь хүүхэд байна. Цаашид Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд шийдвэрлэх чухал асуудлуудыг хэлэлцэн, шаардлагатай төсвийг 2021 оны улсын төсөвт суулгахын төлөө ажиллахаа УИХ-ын эмэгтэй гишүүд илэрхийллээ.