Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн лабораторид техникийн шинэчлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-24 13:24:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Койка” Олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим лабораторийг техникийн шинэчлэлд хамруулж, шинжээч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахаар болжээ.


Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист хийх шинжилгээний лаборатори, Дижитал шинжилгээний лаборатори, Бичиг баримт болон мөр судлалын лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх юм.


Түүнчлэн лабораториудын засвар, тохижилтын ажил, тоног, төхөөрөмж нийлүүлэлт, хор судлал, мансууруулах бодис, ДНХ, дижитал, бичиг баримт, сэтгэл судлал, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, зам тээврийн осол болон шүүх эмнэлэг зэрэг чиглэлээр албан хаагчдыг БНСУ-д сургалтад хамруулах мөн БНСУ-аас улсаас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулах ажээ.


Тус байгууллагаас зарласан төслийн уралдаанд “Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл” шалгарч, судалгааны баг энэ оны 1 дүгээр улиралд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байсан боловч Дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.


Койка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан, орлогч дарга Су Бу-Ён нар энэ сарын 23-нд тус хүрээлэнд зочилж, “Ковид 19” цар тахал бүрэн намдаагүй байгаа хэдий ч нийт 7 сая ам.доллар буюу 19 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2020-2023 хүртэл төслийг хэрэгжүүлэхээр  болсныг мэдэгдсэн байна.


相关新闻