Дорноговь аймагт зуншлага тааруу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн хэмжээнд зуншлага тааруу байгааг УЦУОША тайлан мэдээндээ тусгажээ. Тавдугаар сарын 10-ны байдлаар бэлчээрийн төлөөлөх ургамал хялгана Сайншанд, Дэлгэрэх, суманд ургаж эхлээгүй, хазаар өвс Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ суманд мөн ургаж эхлээгүй, таана Эрдэнэ суманд ургаагүй, агь Замын-Үүд, Улаанбадрах суманд ургаагүй байгаа аж.
Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйсан боловч чийг бага, халуун хуурай, хүчтэй салхины улмаас ургамал хатаж гандаж өсөлт хөгжил нь удаашралтай байгаа талаар албаныхан тэмдэглэсэн байна.
Сумын нутгийн дөрвөн зүгийн үнэлгээгээр Мандах, Алтанширээ сумын өмнө хэсгээр ургамлын ургалт маш муу, цухуйгаагүй, Хатанбулаг сумын өмнө хэсэг, Иххэт сумын нутгаар ургамлын ургалтын байдал дунд зэрэг, бусад сумдын нутгаар ургамлын ургалт муу, мал ногоонд цадах боломжгүй байгаа аж.
Х.Эрдэнэбулган