Нягтлан бодогч нар мэдлэг, ур чадвараа шалгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн зарцуулалтыг хэрэгжүүлж ажилладаг нягтлан бодогч нар мэдлэг, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгч байна. Орон нутгийн төсвийн байгууллагууд болон тусгай зориулалтын шилжүүлэг бүхий байгууллагын нийт 84 нягтлан бодогч шалгалтад хамрагдаж байна.
Түвшин тогтоох шалгалт авч буй зорилгын талаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат тодруулахдаа, “Төрийн Аудитын байгууллагын хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар цөөнгүй зөрчил дутагдал илэрч байгаа. Энэ нь нягтлан бодогч нарын хууль эрхзүйн мэдлэг, ажлын дадлага туршлага харилцан адилгүй байгаагаас шалтгаалж байна гэж үзээд нягтлан бодогч нарын мэдлэг, ур чадварын нэг түвшинд байлгах зорилгоор энэхүү шалгалтыг зохион байгуулж байна” гэлээ.
Түвшин тогтоох шалгалтын дүн маргааш гарна. Шалгалтын дүнгээс хамаарч цаашид нягтлан бодогч нарыг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ямар сургалтыг хэрхэн зохион байгуулахаа төлөвлөх юм байна.
Ийм шалгалтыг 2010 онд авч байсан бөгөөд энэ нь санхүү, нягтлан бодох бүртгэлийг эмх цэгцтэй, нэгэн жигд түвшинд байлгахад чиглэсэн гол нэг арга болдог ажээ.
Нягтлан бодогч нар үдээс өмнө онолын мэдлэгээ шалгуулсан бол үдээс хойш хууль стандартын 60 асуулт бүхий тест бөглөж байна. Энэхүү шалгалтыг зохион байгуулж, цаашид нягтлан бодогч нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах үүргийг аймгийн Засаг дарга Санхүү, Төрийн сангийн хэлтэст үүрэг болгосон ажээ
Т. Отгонтуяа