10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-05 11:40:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS ажиллагааны 10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 33 алба хаагч тус орныг өнөөдөр зорьж байна.


Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 19, дотоодын цэргийн байгууллагаас 14 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр хувийн болон сэтгэлзүйн бэлтгэлээ бүрэн хангаад байна. Эдгээр алба хаагчийг хүлээн авч, үдэн гаргах ажиллагаа өчигдөр ЦЕГ-ын Хүндэтгэлийн танхимд болсон талаар ЦЕГ-аас мэдээлэв. 


Үдэн гаргах ёслолд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч Б.Чинзориг болон “UNMISS” ажиллагааны 10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчид оролцсон юм.


Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ, “Цагдаагийн байгууллага 2006 оноос эхлэн Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 9 удаагийн ээлжинд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас нийт 388 алба хаагчийг дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үүрэг гүйцэтгүүлсэн.


Энэ оны байдлаар Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.


Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад “UNMISS”-д үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа халааг авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын X ээлжийн багт орж, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болон явахдаа бие биедээ тустай, нэг баг хамт олон болж, баг бүрэлдэхүүнийхээ дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож, албаа сайн хаахыг хүсэхийн ялдамд улс эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье” хэмээлээ. 

相关新闻