Чингисийн талбайд зохиолчид номоо хямдруулж, Олон үндэстний хоолны амталгаа болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-20 16:37:50

Жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн өдрүүдэд “Номын ертөнц” ТББ-аас Чингисийн талбайд “Номын баяр” зохион байгуулж заншсан. Энэ жил 19 дэх удаагийн номын баярыг "Найрсаг Улаанбаатар- Олон улсын номын баяр" сэдвээр Нийслэлийн ЗДТГ, Туркийн ном хэвлэлийн компанитай  хамтран хийж байгаагаараа онцлог юм.

Өнөөдөр эхэлсэн номын баяраар зохиолч, уран бүтээлчид ном, туурвилаа сурталчлан таниулж, ном үйлдвэрлэгчид, хэвлэлийн компаниуд, худалдан борлуулагчид, хуучны ховор ном цуглуулагчид  Чингисийн талбайд цуглан, сонирхсон иргэд урлаг соёлын олон арга хэмжээнд оролцож байна.

Тусгайлан зассан тайзан дээр НЗД-ын орлогч  Д.Энхцэнгэл болон Туркийн номын хэвлэлийн компанийн төлөөлөгчид номын баярыг нээв. Энэ үеэр ахмад 60 гаруй зохиолчид бэлэг дурсгалын зүйл гардуулав. Туркийн компанийн төлөөлөгчид болон Нийслэлийн төлөөлөгчид харилцан бие биедээ дурсгалын зүйл гардуулсны дараа "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчид тоглолтоо сонирхуулав. Мөн тэдний тоглолтыг үргэлжлүүлэн англи, орос, турк, хятад хэлтэй сургуулийн сурагчид хүндэтгэлийн мэндчилгээ, бүжиг, дуугаар номын баярт хүрэлцэн ирсэн зочдыг хөгжөөн баясгаж байлаа.  

Номын баярын үеэр зохиолчид болон хэвлэлийн компаниуд  номоо 20-50 хувиар хямдруулжээ. Эгнүүлсэн асраар дүүрэн шинэ, хуучин, уран зохиолын, урлаг уран сайхны, судалгааны, шашны, түүхэн, зөвлөмж, санамж, толь бичиг гээд  төрөл бүрийн ном дэлгээтэй байна. МУСГЗ, зохиолч Г.Мэнд-Ооёо, орчуулагч Ж.Нэргүй болон эмэгтэй зохиолч Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг нар болон огт танихгүй залуу зохиолчид ч номоо борлуулахаар иржээ. Номыг нь худалдан авсан хүмүүст тэд гарын үсгээ зурж байгаа харагдсан.

Хамгийн их борлуулалттай ном нь  бага насны хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн болон танин мэдэхүй хөгжүүлэх, буддаг, урладаг ном байна. Үнийн хувьд ч хамгийн хямд нь.  Харин хамгийн үнэтэй нь "Нэпко" хэвлэлийн компаниас эрхлэн гаргаж буй  "Britannica" нэвтэрхий толь  580 мянгаар үнэлэгджээ. 

Зарим их дээд сургууль, гадаад хэлний сургалттай дунд сургуулиуд тусгайлан гэр барьж, сурталчилгаагаа хийж байна. Турк хэлний сургалттай сургуулийн багш нар сурагч багачуудынхаа хамт турк үндэсний хоолны дээжээс амталгаа явуулж оролцогчдыг дайлж байгаа нь олны сонирхлыг татна. Хятад хэлний сургуулийнхан хятад үндэсний дуу бүжгээр нүд, чихийг баясгана. Энд зөвхөн цаасаар бүтээх бус зөөлөн эдлэл, даавуугаар урласан ном тавьсан нь содон. Эдгээр номыг  хүүхдүүд өөрсдөө урласан нь бас сонин. Мөн Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Филиппин, Казах, Солонгос, Япон, Герман орны хоолоор зочдыг дайлж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Хоол нь 1000-3500 төгрөгийн хооронд хэлбэлзсэн үнэтэй тул номныхоо мөнгөнөөс илүүчлэхдээ тоохгүй байна уу гэлтэй. 

Номын баяр маргааш орой болтол үргэлжилнэ.

Ж.Батсайхан

相关新闻