“Дорноговийн хонины мах” хөтөлбөр хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас “Дорноговийн хонины мах” хөтөлбөрийн хүрээнд хонины махны ашиг шимт чанар, хонины гулуузны бүтэц, ашиг шим, амт чанарын судалгаа хийх ажлыг Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнтэй гэрээ байгуулан гүйцэтгэж байна.
Дорноговь аймгийн малын тоо жил бүр өсөж байгаа бөгөөд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 2,4 сая малтай болсноос нэг сая гаруй нь хонин сүрэг байгаа юм.
Мах боловсруулах чиглэлээр Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн үйлдвэр, цехүүд жилд дунджаар 3-7 нэр төрлийн 7,5-8,2 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийн зах зээлд нийлүүлж байна. Энэ нь мал аж ахуйн салбараас нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүний 0,14 хувийг эзэлж буй аж.
Тиймээс үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний нэр төрөл, чанар тоо хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учир тус аймаг “Дорноговийн хонины мах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.