Дорноговь аймгаас хоёр гавьяат цолтон төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргаж бусдыгаа манлайлан ажилласан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн дээд одон медаль, цолоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, багш, МУСТА Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзий Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, "Загийн говь" хоршооны тэргүүн Баасанжавын Мөнхөө Монгол Улсын Худалдааны гавьяат зүтгэлтэн боллоо.
Хөгжмийн зохиолч, удирдаач Б.Мөнгөн-Өлзий улсад 41 жил ажилласан бөгөөд “Саран хөхөө” театрт 39 жил ажиллахдаа зургаан жил хөгжимчин, бусад хугацаанд хөгжмийн багш, хөгжмийн удирдаач, ерөнхий удирдаач, уран сайхны удирдаачаар ажиллажээ.
Тэрээр нийт 500 гаруй уран бүтээл туурвисан бөгөөд дуурийн дөрвөн хөгжим, ардын найрал хөгжим болон цөөхүүл хөгжимд зориулсан 30 гаруй бүтээл, дан найрал дууны 30 орчим, нийтийн болон хүүхдийн дууны олон арван уран бүтээл туурвисан байна.
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтарч олон арван бүтээл туурвиснаас гадна дөрвөн жилд нэг удаа болдог Өвөр монголын урлагийн их наадам 2019 онд болоход тэргүүн байрын шагнал хүртэж байжээ.
Харин "Загийн говь" хоршооны тэргүүн Б.Мөнхөө
гуай Сайншанд хотын худалдааны байгууллагад
1968 оноос эхлэн тасралтгүй өдийг хүртэл ажиллаж байна.