Нийслэлийн прокурорын газар 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-07 17:57:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 3 дугаар улиралд Нийслэлийн прокурорын газар 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна.


Эдгээрээс олны анхаарал татсан зарим хэргийн талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат товч мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээлгэн өгсөн. БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой цахим луйврын гэх гэмт хэргийг зохион байгуулсан 15 хүнд холбогдох энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.


Ховд аймгийн Цэцэг суманд байдаг Цагаан эрэг гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, хахууль өгч, авсан,  мөнгө угаасан үйлдэлтэй Б.Баатархүү нарын 30 иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.


Мөн эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж хахууль авсан үйлдэлтэй 26 иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.


Өнөөдөр “Жаст групп” ХХК-ын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан хэргийг шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байгаа аж.


Энэ оны гуравдугаар улирал буюу 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хугацаанд нийт 570 хэргийг хянаснаас 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад нийт хяналт тавьсан мөрдөн байцаалтын хэрэг 5.7 хувиар, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 9.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.


相关新闻