Унадаг дугуй агаарын бохирдол, замын түгжрэлийг шийдэх гарц
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр “Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил” сэдэвт байгаль орчны салбарын эмэгтэй эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилт, үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд ногоон хөгжлийн чиг хандлагийг өөрчлөх, байгаль орчин, экологийн боловсролыг бүх насны хүмүүст өгөх нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэв. Тухайлбал, “Pola beauty” компанийн захирал, Байгаль орчны технологийн ухааны доктор Ж.Ганчимэг “Иргэдэд байгаль орчин, экологийн боловсрол олгохдоо үндэсний ёс заншил, уламжлалт байгаль хамгаалах аргыг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд тулгуурлан олгох ёстой” хэмээв.
Түүнчлэн дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй орчны бохирдол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад ч мөн нүүрлээд байгааг тэмдэглээд “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ногоон хөгжлийн энгийн чиг хандлагуудыг ашиглах боломжтой. Тухайлбал, унадаг дугуй хэрэглээ болгох. Энэ бол дэлхий нийтийн хэрэглэгддэг хамгийн сонгодог арга. Унадаг дугуй унаснаар автомашины тоо буурч, агаарын бохирдол багасхаас гадна түгжрэлийг сааруулах давхар боломж болно. Хөрсний бохирдол бол хог хаягдлын менежменттэй салшгүй холбоотой. Манай улсад хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах шийдэл, технологи нэвтрээгүй байна. Үүнийг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр агаар, ус, орчны бохирдол зэрэг олон асуудлыг давхар шийднэ" гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэлд зургийг Т.Чимгээ