“Завхан баялаг” ХК-ийн бүтээгдэхүүний хэрэглэгчид нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:29:43

 “Завхан баялаг” ХК-ийн бүтээгдэхүүнийг Ховд, Говь-Алтайд худалдан авах боломжтой болжээ.

Одоогийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Завханчуудынхаа хэрэгцээг хангадаг тус үйлдвэр нэрийн бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ аймгуудынхаа иргэдэд хүргэж эхэлжээ. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы иргэд хэрэглэдэг бөгөөд нэрийн дэлгүүрээрээ дамжуулан үйлдвэрийн үнээр нь борлуулдаг байна.  Завхан баялгийн чацаргана, нэрсний өтгөрүүлсэн шүүс, иоджуулсан давс нь эрэлт ихтэй байдаг байна. Мөн нутгийн минь байгалын цэвэр хүнс болсон жимс, ус, давсны амт нь хүртэл цаанаа нэг өөр байдаг шүү хэмээн нутгаасаа хол суугаа Завханы уугуул иргэд ам сайтай буй юм. 1925 онд Архины хороо нэртэйгээр байгуулагдаж байсан энэ компани 1960 онд хүнсний үйлдвэр болон өргөжжээ. 1998 онд хувьчлагдаж Завхан аймгийн “Завхан баялаг” ХК болсон байна.  Уг үйлдвэр нийт 45 ажилтантайгаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Завхан нутгийн онгон байгалынхаа цэвэр түүхий эдээс  дээжлэн авч бэлтгэдэг тэдний бүтээгдэхүүнүүдийг иргэд хэрэглэх дуртай байдаг. 80 гаруй  жилийн баялаг туршлагатай ууган үйлдвэрийн тэргүүний хүнсчид байгаль, эрүүл мэндэд халгүй технологиор, MNS, ISO стандартуудын шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻