ЗАВХАН: Долоон товгорын элсэн манхны элс маш нарийн ширхэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-22 16:52:28

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт анагаах шидтэй Долоон товгорын элсэн манхан бий.


Долоон товгорын элсэн манхан нь Тэлмэн сумын төвөөс 20 км-т оршдог Цэцэрлэг мандал уулын ойролцоох байгалийн үзэсгэлэн бүрдсэн элсэн тарамцаг юм. Энд бүх төрлийн мод, бут сөөг ургадаг, уулын бэлээс өвөл хөлддөггүй хүйтэн рашаан ундардаг.


Рашааны ундаргыг дагасан хангайн байдлыг санагдуулам битүү ногоон мод, жимс жимсгэнэ, ан амьтантай. Уулаас зүүн урд талд Долоон товгор элсэн манхан байдаг. Үүний хоёр манхны орой дээр нь замбага цэцэг ургадаг.


Маш нарийн ширхэгтэй, уусдаг элстэй энэ манхныг анагаах шидтэй хэмээн нутгийнхан шүтдэг. Элс нь нарны хэт ягаан туяаг шингээх чадвартай, маш нарийн ширхэгтэй учраас эмчилгээнд сайн тохирдог байна.


Элсний эмчилгээ нь бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт үр дүнтэй.


Мөн цусны даралт, хаван буулгадаг. Харин чихрийн шижин, нүдний даралт, элэг, нойр булчирхай, зүрхний эмгэгтэй хүмүүст хориотой байдаг аж. Долоон товгор манхны хойд талд үзэсгэлэнт Ангирт нуур оршдог. Ангирт нуур нь ой тал хээрийн нүүдлийн шувуугаар баян төдийгүй элсэрхэг хөрстэй, хаг, хөвд, алаг өвс, алирс, өлөн, үетэн бүхий нугын ургамалтай.


Зуны халуун нарны илч шингэсэн элсээр өвчнөө анагаахын зэрэгцээ байгалийн сайханд аялах боломжтой газар бол Цэцэрлэг уул, Долоон товгор элсэн манхан, Ангирт нуур юм. Энд аймагтаа дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлсэн анхдагчын нэг Замбага жуулчны бааз байрладаг. Эднийх 23 жил гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч буй туршлагатай газар юм.


Тэлмэн нуураас урагшаа Ангирт нуурын захад сумын төвөөс баруун хойш 20 км-ийн зайд элсэн манхан, нуур бүхий байгалийн үзэсгэлэнтэй газарт байрладаг. Улаанбаатар хотоос 960 км, аймгийн төвөөс 100 км-ийн зайд оршдог. Улирлын чанартай 6-10 дугаар сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг байна. 


Завхан аймгийн Тэлмэн сум, Цэцэрлэг мандал уул, Долоон товгор, Ангирт нуурын үдэш

Гэрэл зургуудыг: П.Баатарзоригт



相关新闻