Ш.Цэрэндулам: Ломбардууд зөвхөн өөрсдийн талыг барьсан гэрээ байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-12 16:31:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барьцаалан зээлдүүлэх газрууд зөвхөн өөрсдийн талыг барьсан гэрээ хийж байна. Энэ нь үйлчлүүлэгч иргэдийн эрхийг зөрчиж буй үйлдэл гэдгийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Нөгөө талаар зөвхөн нэг талын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй нь барьцаалан зээлдүүлэх газруудад хариуцлага хүлээлгэх механизм бүрдээгүйтэй холбоотойг тэрээр онцлов.


Өнөөдөр нийслэлд барьцаалан зээлдүүлэх 997 газар ажиллаж байна. Үүнээс Баянгол дүүрэгт 179, Сонгинохайрхан дүүрэгт 139, Чингэлтэй дүүрэгт 99, Сүхбаатар дүүрэгт 124, Хан-Уул дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 412 ломбард байна. ШӨХТГ, ХҮЭК,  ЦЕГ, МХЕГ-тай хамтран түүврийн аргаар нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Сонгинхайрхан дүүрэгт байрладаг барьцаалан зээлдүүлэх 21 газрын үйл ажиллагааг хянаж шалгасан талаар өнөөдөр мэдээлэв.



“Барьцаалан зээлдүүлэх газрын эзэд зээлийн хүү, алданг дураараа тогтоох, татвараа төлөхгүй байх, иргэдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны зөрүү мөнгийг буцаан олгохгүй, мөн барьцааны эд зүйлийг хэт доогуур үнэлдэг зөрчил шалгалтаар илэрчээ. Ломбардууд барьцааны эд зүйлс гар утас, цахилгаан бараа зэргийг зах зээлийн үнээс доогуур буюу 40-50 хувиар үнэлж авдаг. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас 0.7-1 хувиар алданги тооцон авдаг бол зарим нь хоногийн хүүг тооцон авдаг байна.



Иргэний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиар авч үзвэл, барьцаалан зээлдүүлэх газар нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй боловч ингэж ажилладаггүй байна. Хэрэглэгчдийн эрхээ хамгаалах талаар болон санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглаж, хэт нэг талын ашиг сонирхлыг баримталсан шинжтэй гэрээг шууд тулган байгуулж байна.

 

Тодруулбал, иргэний барьцааны эд зүйлийг төлбөрийн хүлээлгийн хугацаа дууссан сүүлийн өдрөөс нь зөрүү тооцохгүйгээр үл маргах, журмаар зарж борлуулан ломбардын орлого болгож байгаа аж. Үүгээр зогсохгүй зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч иргэн эд зүйлээ авахад ашигласан хоногоор бус тухайн зээлийн гэрээнд заасан хугацаагаар хүүг тооцож, төлөхөөр гэрээнд тусгасан зэрэг зөрчил зонхилох болжээ.


Хяналт шалгалтад хамрагдсан 21 барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж буй хүмүүсийн 40 хувь нь зохих ёсны үйлчилгээний болон санхүүгийн сургалтад хамрагдаагүй. 60 хувь нь үнэлгээний мэргэжилтэй эсхүл байгууллага дотооддоо сургаж бэлтгэсэн байна. Мөн түүнчлэн ажлын байрны стандарт 20 ам дөрвөлжин метр байх шаардлагыг биелүүлээгүй байдал илэрчээ.

                                                                                                                                                            Гэрэл зургийг Н.Батбаяр 

相关新闻