Б.Чогсом: Залуу уран бүтээлчдэд нэн түрүүнд шинжлэх ухааны үндэслэлтэй онол хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр нээлээ.
Түүний бүх “изм” орсон хэмээн мэргэжлийнхэнд үнэлэгддэг “Говийн дуу”, барууны урсгалыг оруулж ирсэн гэгдэх “Хоргын дуулал”, импрессионизмын төлөөлөл болсон “Тайхар чулуу” зэрэг бүтээл Монголын дүрслэх урлагийн түүхэнд тодоор тэмдэглэгдсэн гэдгийг уран бүтээлчид онцолж байна.
Тэрбээр 1942 онд Зураг урлалын газрын дэргэд байгуулагдсан гурван жилийн оройн сургуулийг төгсжээ. Одоогоор 3000 гаруй бүтээл туурвиад буй зураачийн “Тайхар чулуу”, “Хоргын дуулал”, “Говийн дуу”, “Бөх” зэрэг олон уран бүтээл нь өдгөө Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж, байнгын үзмэрт байдаг аж.
“Тухайн үед “Урчуудын Эвлэлийн Хороо”-нд зураачаар ажилд ороход хоёр бүтээл зурж шалгуулан тэнцвэл ордог байсан юм билээ. Тэр бүтээлийн нэг “Баярын чимэглэл" нь манай сан хөмрөгт хадгалагддаг. Монголын Уран зургийн галерей ахмад үеийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг сурталчлах, залуу уран бүтээлчдэд таниулах зорилгоор энэхүү хүндэтгэлийн үзэсгэлэнг зохион байгуулахаар хоёрдугаар сард төлөвлөсөн байсан ч цаг үеийн байдлаас болоод ийнхүү өнөөдөр гаргаж байна” хэмээн Монголын Уран зургийн галерейн Бүртгэл мэдээллийн санч П.Алтанцэцэг тодотгов.
Нэгэн жарны турш Монголын дүрслэх урлагт зүтгэсэн Ардын зураач Б.Чогсом үзэсгэлэндээ Уран зургийн галерей, Улаанбаатар хотын музейн сан хөмрөг болон хувийн цуглуулгадаа хадгалж буй 1940 оноос хойш зурсан судалбар, эскизүүдээс бүрдсэн 100 орчим бүтээлээ дэлгэжээ.
Тэрбээр хэлэхдээ, “1942 онд анх энэ байгууллагын дансанд ороод өнөөдрийг хүртэл 78 жил буюу өдөр алгасалгүй уран бүтээлээ хийсэн. Нэг зураг зурахын тулд 10-20 загвар ч гаргасан удаа бий. Яваандаа тэдгээр бүтээлээрээ дахин үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Үзэсгэлэнгээрээ дамжуулан залуу үеийнхэндээ уран бүтээл хийхдээ ингэж хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн санаа өгөхийг зорьж байгаа юм. Уран бүтээл хийнэ гэдэг зүгээр л зурчихдаг зүйл биш. Залуу уран бүтээлчдэд хамгийн түрүүнд шинжлэх ухааны үндэслэлтэй онол хэрэгтэй. Нэг ч зураг онолгүй байж болохгүй. Миний уран бүтээлийг судлах хэрэгтэй, тэнд онол бий. Би өөрийгөө магтаж байгаа юм биш шүү, шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг учраас Монголын орчин үеийн дүрслэх урлагт их хувь нэмэр оруулна гэж боддог” хэмээв.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ, “1961-1965 онд Улсын багшийн дээд сургуулийн Зураг хөдөлмөрийн ангид элсэхэд миний багш анх надад зураг зааж өгсөн. Одоо хүртэл багштайгаа хамт нэгэн жарныг туулаад явж байна даа. Социализмын үед багшийн маань бүтээлийг тэр бүр таалж байгаагүй. Хорго, Говийн зэрэглээ, Сүхбаатар гэх мэт бүтээлийг нь үзэсгэлэнгүүдэд хасаж байсан удаатай. Миний багш сэтгэлийн хаттай, уран бүтээлч хүний хувьд өөрөө өөрийнхөө зовлонг мэдэрдэг учраас тоодоггүй байв. Бүтээлээ хийхдээ бүх зүйлээ өөрөө бэлддэг, өнгө, будаг, тавилтаа бодож хийдэг, олон өнгө холихгүй дандаа гадаадын будгуудаар ажилладаг учраас жаран дамжсан бүтээлүүд нь өнөөдөр тод, шинэлэг харагдаж байгаа юм” гэв.
Ардын зураач Б.Чогсом хэдэн жилийн өмнө Монголын Уран
зургийн галерей, МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Миний Монгол” хэмээх хоёр
үзэсгэлэнгээ зэрэг дэлгэн үзэгч олны хүртээл болгожээ. Мөн тэрбээр Монголдоо
төдийгүй Орос, Англи, Болгар, Чех, Турк, Югослав, Япон, Герман, Литва, Вьетнам,
Солонгос, Норвеги, Бельги зэрэг улсад уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байв.
Энэхүү үзэсгэлэн энэ сарын 18-ныг дуустал гарна.
“Бөх" /1972 он зотон тос /
Уг бүтээлийг туурвихдаа хүний биеийн анатоми, бөх хүний биеийн хэлбэр галбир цаашлаад монгол бөхийн барилдааны мэх, барилдах ур зэргийг судлан олон зуун судалгааны хэрэглэгдэхүүн цуглуулан, хоёр жил шахам Спортын ордны бөхийн клубээс салаагүй аж. Ингэж энэхүү зургаа зурахын тулд уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуул хийн судалж байж бүтээжээ.
"Баярын чимэглэл" / 1957 он, зотон тос/
Одоогийн дүрслэх урлагийн музейг 1930-аад онд анх барьж, "Өндөр хоршоо" нэртэй улсын их дэлгүүр болсон байна. 1957 оны Октябрийн баярын гоёл чимэглэлтэй үед судалбар хийж зохиомжлон бүтээжээ. Тухайн үед Лениний хөргийг эрхэмлэн хүндэлж өлгөдөг байсан тул хоршооны байшингийн урд чимэглэн хадсан байжээ. Энэ зураг нь эрт үеийн социализмын түүх болон үлджээ.
"Бодол" /1967 зотон тос/
Уг бүтээл нь уянгын тод томруун сэтгэмж, ихэсгэлийн аргаар харуулсан бүтээл юм. Тухайн үед нам төрийг үндэслэн байгуулагч жанжин Д.Сүхбаатарын амьдрал, хувьсгалт тэмцлийг дүрслэх урлагт бүтээн туурвисан нь энэ юм. Монгол үндэсний аман зохиолд тодорлоо олж хэлбэржсэн баатарлаг аугаа эрийн шинж тэмдгийг шингээж, хүний биеийн анатоми, бодит шинжийг тусгахыг урьтал болголгүй уран сайхны талыг харуулахыг зорьсон байна.
Т.Билгүүн
Гэрэл зургийг Т.Чимгээ