Н.Тэгшбаяр: Геологийн төв лаборатори олимпоор бол алтан медаль хүртсэн
МОНГОЛЫН МЭДЭЭГеологийн төв лаборатори өнгөрсөн онд гурвалсан стандартыг нэвтрүүлж, АНУ-ын Итгэмжлэлийн байгууллагын "Платинум" түвшинд итгэмжлэгдэж, 800 томоохон лабораториос эхний 5-д бичигдэх болсныг тус байгууллагын захирал Н.Тэгшбаяр онцлов.
Таваншарын автобусны буудлын зүүн хойно байрлах “Геологийн төв лаборатори” гэсэн хаягтай 4 давхар бор байшинг хүмүүс эчнээ мэднэ. Гэхдээ уг лаборатори чухам ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэх хүн ховор. Тиймээс байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Геологийн төв лаборатори”-ийн захирал Н.Тэгшбаяр өнгөрсөн баасан гарагт цөөн хэдэн сэтгүүлчдийг урьсны дотор МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч миний бие багтсан юм. Энэ байгууллагын тухай ямар ч мэдээлэлгүй миний хувьд шинэ мэдлэгтэй болохоос гадна үйл ажиллагааных нь талаар иргэдэд мэдээлэл хүргэх томоохон боломж олдов.
Ингээд “Геологийн төв лаборатори”-ийн үйл ажиллагаатай танилцсанаа хүргэж байна.
1957 оноос эрдсийн түүхий эдийн найрлага, байгаль орчны шинжилгээ, аттестатчилсан стандартчилсан загвар үйлдвэрлэлийн чиглэлээр 5 нэгжтэй, 59 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус байгууллага эдүгээ 170 хүний бүрэлдэхүүнтэй өнөр өтгөн хамт олон болжээ. Тус байгууллага нь геологи, уул уурхайн чулуулаг болон нунтаг дээж бэлтгэх, шинжлэх хэд хэдэн лабораторитой. Лабораториуд нь дээжийг шинжилж хүчил төрөгчөөс эхлээд газрын ховор элемент хүртэлх бүх найрлагыг чанарын болон тоон үзүүлэлтээр тогтоодог аж. Чанарын шинжилгээ гэдэг нь тухайн дээжид орсон алт, мөнгө зэрэг найрлагын хэмжээг 3-6 хувийн хэлбэлзэлтэй тогтоодог байна. Харин тоон үзүүлэлт гэдэг нь тухайн дээжид орсон бүх элементийн хэмжээг нэг бүрчлэн тогтоодог. Шинжилгээний багаж төхөөрөмжүүд болон сэлбэг хэрэгсэл нь маш үнэтэй бөгөөд сэлбэгийн хамгийн доод үнэ 50 мянган ам.доллараас эхэлдэг байна. Тиймээс лабораторийн ажиллагсад тоног төхөөрөмжөө нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалдаг гэдгийг Чанарын менежер Цэвэлмаа хэллээ.
Лаборатори 1989 оноос Финландын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийг бүгдийг нь хамгийн сүүлийн үеийн автомат төхөөрөмжөөр шинэчилж эхэлжээ.Тухайлбал, Эрдсийн шижлгээ хийхээс гадна бөөрний болон цөсний чулуу тогтоох XRD төхөөрөмжийг 2013 онд нэвтрүүлсэн бөгөөд энэ төрлийн төхөөрөмж ШУА-ын Физик технологийн хүрээлэн, МУИС-ийн Физик, электроникийн сургуульд байдаг боловч нэлээд хуучирсан загвар аж. Харин лабораторийн энэхүү төхөөрөмж нь хамгийн сүүлийн загвар аж. Мөн 2007 онд Германы санхүүжилтээр нэвтрүүлсэн гомунизатор хэмээх багаж Стандарт загварын боловсруулалтын өрөөнд байрлах аж. Уг багаж дээжийг нэгэн төрлийн болгодог байна. Лабораторид авчирч суурилуулсан уг багажаар 100-150 кг дээжийг 8-10 минутад нунтаглаж холиод шинжлэхэд бэлэн болгодог байна. Өөрөөр хэлбэл, 150 кг чулууны баруун хэсэгт алт их байдаг бол зүүн талд нь огт байдаггүй. Тиймээс чулууг буталж, нарийн ширхэгтэй болгон хольж, аль ч талаас нь авсан үр дүн ижил байх хэмжээнд боловсруулдаг гэсэн үг. Ингээд уг дээжийг дахин нарийн ширхэгээр ялгаж, тусгай программаар тооцоолол хийж стандарт загвар болгох аж. Ийнхүү стандарт загварт оруулсан дээжээ савлан гадаадын 20 гаруй лабораторид өгч дахин шинжлүүлдэг гэнэ. Геологийн төв лаборатори байгуулагдсан цагаасаа хойш 80 гаруй стандарт загварын дээжийг шинжилж худалдаанд гаргасан бөгөөд жилд 300-400 сая төгрөгийн худалдаа хийдэг байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийг дагаад Герман, Финланд, Америк, Солонгос, Франц, ОХУ, Япон зэрэг оронд хүний нөөцөө жил бүр сургаж, бэлтгэдэг хэмээн менежер Г.Цэвэлмаа хэлэв.
Өнгөрсөн онд ISO/IEC 17043 стандартын дагуу “Платинум” түвшинд итгэмжлэгджээ. Платинум итгэмжлэлтийг Уг итгэмжлэлийг АНУ-ын Итгэмжлэлийн байгууллага олгодог аж. Үүнийг нэвтрүүлэхийн тулд “ISO/IEC 17025” лабораторид тавих ерөнхий стандартыг хангаж, хоёрдугаарт, “ISO Guide 34” загвар, түүнийг зохион бүтээгчдэд тавих олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Гуравдугаарт, ур чадварын сорилт зохион байгуулагчид тавих шаардлага “ISO/IEC 17043” гэсэн гурван стандартыг нутагшуулсан байх шаардлагатай байдаг. Уг итгэмжлэлийг АНУ-ын Итгэмжлэлийн байгууллагад бүртгэлтэй 800 лабораториас ердөө 5 лаборатори нь авсаны нэг нь Монгол юм. Энэ нь Олимпоор бол алтан медаль авсантай дүйцэхүйц амжилт гэдгийг лабораторийн захирал Н.Тэгшбаяр онцлов.
Лабораториор Ашигт малтмалын салбарын 6000 орчим аж ахуйн нэгж дээж шинжлүүлдэг аж. Анх зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд дээж шинжлүүлдэг байсан бол Платинум итгэмжлэл авснаас хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ч ханддаг болсон байна.
Тус лаборатори жилийн 4 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд улсаас мөнгө авдаггүй өөрийн орлогоороо санхүүждэг байна. Тухайлбал, дээж бэлтгэх, шинжилгээ хийх, хөөрөг үйлдвэрлэх зэргээр орлогоо бүрдүүлдэг аж. Өнгөрсөн онд тус байгууллага санхүүгийн хүндрэлээс шалтгаалан цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан бол Платинум түвшинд итгэмжлэгдсэнээс хойш орлого өсч, ажилчдынхаа цалинг ч нэмж чаджээ.
Тус байгууллага зөвхөн өөрийн ажилчдаа чадваржуулаад зогсохгүй дотоодын уул уурхайн компаниудын дээж ирүүлэх лабораторийн мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах ажлыг эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цаашдаа олон улсын компаниудыг Монголд ирж шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, тэдний сонирхолыг татах зорилт тавин ажиллаж байгаа юм. Уг зорилго ч эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд гадаад орнуудаас Монголд ирж туршалага судлах, мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулах нь нэмэгдсэн байна. Цаашдаа Монгол стандартыг дэлхий нийтэд таниулахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг тус лабораторийн удирдлагууд илэрхийллээ.
Ч.Ариунболд