Худалдааны маргаанаас сэргийлэх байгууллага байгуулагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх ба шийдвэрлэх олон улсын байгууллага” (ICDPASO) байгуулагдлаа.
Тус байгууллагын үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагуудын аливаа худалдааны эрсдэл, маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдийн засгийн болон хууль зүйн зөвлөх үйлчилгээг бүс нутгийн гишүүн орнуудад нэвтрүүлэх аж. Мөн олон улсын арилжааны маргаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эвлэрүүлэн зуучлах, шийдвэрлэх зэрэг олон талт хууль зүйн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх юм байна.
Ийм зорилготой байгууллагыг Ази, Номхон далайн бүс нутгийн бизнес худалдаа, хууль зүйн олон улсын байгууллагууд, дэлхийн 50 гаруй улсын худалдааны танхим, олон улсын арбитр болон хууль зүйн нийгэмлэг, холбоодын гишүүнчлэлтэйгээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 15-нд албан ёсоор үүсгэн байгуулжээ.
Тус байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Хяналтын хорооны гишүүнээр албан ёсоор сонгогдож, хамтран ажиллахаар боллоо.