ДХИС-ийн “Эрдэм” номын санг TИKA-гийн санхүүжилтээр тохижуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-22 19:15:26

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Туркийн олон улсын хамтын ажиллагааны зохицуулагч агентлаг /TIKA/-ийн хөтөлбөрийн санхүүжилтээр Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн “Эрдэм” танхимыг тохижуулсан төслийн нээлт өнөөдөр боллоо.


Танхимыг нээх тууз хайчлах ёслолд ХЗДХ-ийн дэд сайд Бригадын генерал С.Баатаржав, Дотоод хэргийн их сургуулийн захирал доктор, профессор цагдаагийн хурандаа П.Батбаатар, мөн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд М.Ахмет Яазал, TИKA-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаомер болон тус агентлагийн дэд координатор Сибэл Гүнэги нар оролцов. Мөн тус сургуулийн эрдэмтэн, багш, сонсогчдын төлөөлөл байлцлаа.


“Эрдэм” номын сангийн эрхлэгч Б.Мөнхзулаас номын сангийн нь талаар тодруулахад, “Манай сургуулийн номын сан  85 мянган ном сурах бичгийн сан хөмрөгтэй. Үүнээс 70 орчим хувийг их сургуулийн хичээл сургалтад ашигладаг. Нэг хичээлийн жилд 3000 гаруй уншигчийг 280 орчим удаа хүлээж авахдаа 430 мянга гаруй ном сурах бичиг, хэвлэл материалаар үйлчлэх хүчин чадалтай. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. ДХИС-ийн спорт цогцолбор, төв номын сангийн шинэ байр нь улсын хэмжээнд энэ жил шинээр ашиглалтад орсон 6 дахь барилга юм. Шинэ байранд номын сан шилжин орсноор номын сангийн MNS5742:2007 стандартыг хангасан, уншигчид тав тухыг бүрдүүлсэн орчинтой болоод байна. Мөн үйлчилгээний нэгж дөрөв дахин нэмэгдсэн. Их сургуулийн захирлын нэрэмжит Оюуны өргөө, эрдэмтэн судлаачдын хурлын танхим, бүртгэл, лавлагаа мэдээлэл, хувилах, хэвлэх үйлчилгээ, цахим уншлагын болон аудио-видео танхимтай болсон” гэж ярилаа.


Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Бригадын генерал С.Баатаржав, ДХИС-ийн “Эрдэм” төв номын санг тохижуулж өгсөн TИKA олон улсын хамтын ажиллагааны зохицуулагч агентлагт талархал илэрхийлэв.


Харин  БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд М.Ахмет Яазал хэлэхдээ, “ДХИС-иас шинэ барилга ашиглалтад оруулж, номын сангийн уншлагын танхим нээх төслийн саналыг TIKA-д ирүүлсэн. Тиймээс Монголын гүйцэтгэгч байгууллагатай хамтран ажиллаж, өнөөдөр нээлтээ хийж байна. Төслийн санхүүжилтийг БНТУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн. Энэ нь номын үнэ цэнийг залуу үедээ таниулах ач холбогдолтой төсөл боллоо” хэмээлээ.


Харин TИKA-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаомер, “Цар тахал гарсантай холбоотойгоор урьдаас төлөвлөж байсан зарим сургалтын хөтөлбөр, хамтын ажиллагааг түр зуур зогсоосон. Хэдийгээр төлөвлөсөн ажил хойшилсон ч хийж болох бүх сургалтын хөтөлбөрөө цахимаар хийх арга замыг эрэлхийлж байна. Энэ жилийн ажлаа ойрын хугацаанд эрчимжүүлэх болно. Хэрвээ цар тахлын нөхцөл байдал хэвийн байдал руу шилжиж, улс хооронд зорчих боломжтой болбол та бүхнийг БНТУ-ын цагдаагийн академи, сургууль болон богино хэмжээний сургалтад оролцоосой гэж хүсэж байна. Өнөөдрийн үйл явдал хоёр улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо” хэмээлээ.


ДХИС-ийн сонсогчид нээлтийн ажиллагаанд зориулж  “Үүлэн бор” морин хуурын аялгууг тоглож, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар TИKA-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаомерт талархлын бичиг гардууллаа. 




相关新闻