Оюутны спортын V наадмын таеквондогийн тэмцээнд 100 тулаанч өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадмын таеквондогийн тэмцээн энэ сарын 16-17-нд Мон-Алтиус дээд сургуулийн спорт зааланд болно.
Тулааны спортын төрөл болох таеквондогийн аварга шалгаруулах тэмцээний Техникийн зөвлөгөөн даваа /11.09/ гарагт Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны Хурлын өрөөнд болж, нийт 14 их, дээд сургуулийн 100 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Тэмцээнд оролцох тамирчны мандатыг МОСХ-ны байранд энэ сарын 14-нд тараах юм байна. Харин энэ сарын 15-нд Таеквондогийн ҮШБ-ийн зааланд тамирчдын жинг үзэхээр төлөвлөж байна.
Ташрамд сонирхуулахад, Таеквондо нь үндсэн 2 төрөл байдаг. Дэлхийд болон Монголд өндөр хөгжсөн нь олимпын төрөлт буюу Дэлхийн таеквондо /World Taekwondo/ юм. Мөн Хойд Солонгос улсаас гаралтай Олон улсын таеквондо /International Taekwondo/ байдаг. Таеквондо бол Солонгосын үндэсний бие хамгаалах урлаг юм. Таеквондо гэдэг үгийг утгачилбал: “тае-хөлөөр өшиглөх, квон-гараар цохих, до- арга зүй, урлаг “ гэсэн утга агуулдаг. Тиймээс хөл гарын урлаг буюу цохих өшиглөх арга зүй, урлаг хэмээн тайлбарладаг.
Таеквондо 1980 онд Олон улсын
олимпын хорооны албан ёсны зөвшөөрөл авч, 1988 онд Сөүлийн 24 дүгээр олимпын
наадамд үзүүлэх тоглолтоор, 1992, 1996 оны олимпийн наадамд туршилтаар оролцож,
2000 оны Сиднейн олимпын наадмаас эхлэн олимпын албан ёсны спортын төрөл
болсноор улам өргөжин хөгжиж байна. Өнөөдөр дэлхий дээр нийт 208 орны 90 гаруй
сая хүн энэ спортоор хичээллэж байгаа юм.