Аймгийн шуурхай штабаас хэвлэлийн бага хурал хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай штабаас хэвлэлийнхэнд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Цаашид ч өдөр бүр тодорхой цагт мэдээлэл хийх юм.
Өнөөдөр ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, МХГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч А.Дашхорол, Хэв журмын тасгийн дарга Б.Анхбаатар нар мэдээлэл хийсэн.
Аймгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол гараагүй, тайван байгааг хэллээ.
МХГ: Засгийн газрын 178 дугаар тогтоол бусад холбогдох эрхзүйн актын дагуу МХГ-ын 24 улсын байцаагч 9 чиглэлд хяналт шалгалт хийж байна. Тухайлбал, махны бөөний болон жижиглэнгийн үнийн судалгааг гаргасан ба махны үнэ өсөөгүйг мэдээлэв.
Гурван эм ханган нийлүүлэх төв, 18 эмийн санд байгаа амны хаалт болон хамгаалах хувцас, хэрэгслийн үнийн судалгааг гаргасан байна. Мөн Засгийн газрын 178 дугаар тогтоолд дурдсан үйл ажиллагаа явуулж буй 11 байгууллагад хяналт тавьж, заавар зөвлөмж өгч байна. Мөн үйл ажиллагаа явуулж байсан 8 барилгын ажлыг зогсоожээ.
ЭМГ: Бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж байгаа учраас мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг маш сайн баримтлах хэрэгтэй. Архангайд 24 цагаар 88234806 гэсэн дугаар эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Мөн ӨЭМ-ийн төвүүдэд эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байна.
ЦГ: Нэг хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд 38 постонд, 42 алба хаагч ажиллаж байна. 1128 тээврийн хэрэгсэлтэй 2268 иргэнийг тусгай зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүллээ гэж дэд хурандаа Б.Анхбаатар хэллээ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 8 алба хаагч, 2 авто машин , зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Эрдэнэбулган суманд 32 алба хаагч, цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл хийж ажиллалаа. Өчигдрийн 16.00 цагаас хойш хөдөлгөөн эрс багассан байна.
Мэдээллийн төгсгөлд хүн бүр гэртээ байж, гэртээ агаар сэлгэлтийг 2 цаг тутамд хийж, халдваргүйжүүлэлтийг сайн хийхийг хэллээ.