Дэлхийн хэмжээнд 39.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр дэлхий дахинд 594 мянган хүн коронавирус шинээр халдварлаж, өмнөх өдрийнхөөс өвчлөл 52 мянган тохиолдлоор нэмэгджээ. Түүнчлэн нас барсан хүний тоо 769-өөр өссөн байна.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нииттэй харилцах, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Дэлхийн хэмжээнд 218 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 55.9 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн. Нийт 1.3 сая хүн эндэж, 39.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Монгол Улсын хувьд, коронавирусний 555 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Нийслэл хот болон таван аймагт өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ийм учраас иргэд халдвараас хамгаалж гэртээ байх шаардлагатай байна" гэлээ.
ЗӨСҮТ-ийн баг голомтын хоёр обьектын 1299 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийжээ. Тусгай дугаарын 119, 1800-0119, 1800-2000 гэсэн гурван утсанд 4600 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, шинжилгээ өгөх талаар зөвлөгөө авсан байна. Мөн ЭМЯ-ны 32300 утас руу 275 хүн холбогдож, эмнэлгийн үйлчилгээ, коронавирусээс сэргийлэх зөвлөмж зөвлөгөө авчээ.