”Монгол цэргийн жавхаа’’-г Зэвсэгт хүчний 084 дүгээр анги өнгөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн ЗДТГ-аас өнөөдөр Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулав.
Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, “Khaan Quest-2016” олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа таван тивийн 47 орны 100 гаруй офицер, нийслэлийн иргэд оролцлоо.
Уралдааныг хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтэй Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хамт олон өнгөлж, “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгслийн хамт гардав. Дэд байрт хурандаа Д.Өлзийбаяр захирагчтэй Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гутгаар байр хурандаа Д.Гантөмөр захирагчтэй Хилийн цэргийн 0164 дүгээр анги, тусгай байрт хурандаа С.Болдбаатар захирагчтай 150 дугаар анги тус тус шалгарав.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал