"Оюун түлхүүр" сургаалын гар бичмэл Дундговь аймгийн музейд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-11 13:21:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейн сан хөмрөгт Монголын ард түмний түүх, шашин, уламжлалт эм тан, зурхайн холбогдолтой монгол бичгээр бичсэн 130 ширхэг ховор бичвэр хадгалагдаж байгаагийн нэг нь их эзэн Чингис хааны номлосон "Оюун түлхүүр” хэмээх сургаал юм.

Энэхүү номыг зохиосон он цаг тодорхойгүй, эхнээсээ болон хойноосоо урагдаж, навсархай болсон байгаа нь он удаан жил хадгалагдсаны шинж.  

Тус ном нь үдмэл, 24,5х13-ийн хэмжээтэй муутуу цаасан дээр гараар бичсэн ба нийт 17 хуудастай. Хуудас бүрт мөрийн тоо нь долоо байдаг.

Аймгийн Музей сан хөмрөгтөө хадгалагдаж буй монгол бичгээр бичсэн дээрх ном, судруудын танилцуулгыг цомог болгон гаргасан ба тус музейн захирал М.Бямбажав хэлэхдээ эдгээр бичвэрүүдийг эрдэмтэд, судлаачдад танилцуулж, судлуулах зорилготой гэсэн юм.

Дээрх бичвэрүүдээс “Оюун түлхүүр” сургаалыг Академич Ц.Дамдинсүрэн, Оросын судлаач Н.С.Яхонтова, Өвөрмонголын судлаач Сарангуа нарын эрдэмтэд судалж, энэхүү сургаалын олон хувилбар эх байдгийг тогтоожээ.

Тэдгээр хувилбаруудын нэг нь аймгийн Музейд хадгалагдаж байгаа хэмээн таамаглаж байна.

Академич Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой” хэмээх нэртэй Монголын эртний уран зохиолын дээж бичигтээ “Оюун түлхүүр” сургаалыг хэвлэж, дэлгэрэнгүй тайлбар судалгаа дагалдуулсан байдаг. Тэрхүү тайлбарт “Оюун түлхүүр болбоос Монголын дотор маш түгээмэл дэлгэрсэн зохиолын нэг болмуй. Гэрээр бичиг сурах багачуудад цагаан толгой заасны дараа “Оюун түлхүүр”˗ийг уншуулдаг байжээ. Энэ ном болбоос урьдын цагт зан суртахууны сурах бичгийн чанартай хэрэглэгдэж байсан бөлгөө. Үүнийг Чингис хаан зохиосон гэж уг зохиолын дотор дурдсан баймуй. Үнэхээр үүний зарим хэсэг нь Чингисийн билиг сургаалтай холбоотой ажгуу. Гэвч “Оюун түлхүүр” бүхлээр Чингисийн билиг сургаалаас гаралтай зохиол бус бололтой. Ажиглаваас уг зохиол, хоёр гурван хэсгээс бүтжээ, эхний хэсэг нь үнэхээр Чингисийн билиг сургаал мөн бололтой. Гэвч үүний дотор хожмын нэмэлт оруулга үлэмж баймуй” хэмээн бичжээ.

Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа энэхүү судар яг аль цаг үед хамаарах, хэзээ бичигдсэн, энэхүү сургаал бүрэн эхээрээ байгаа эсэх гэх мэт энэхүү гар бичмэл, дурсгалт өвийн тухай олон зүйл тодорхойгүй байгаа юм. 

相关新闻