Сүхбаатар сумын нийт өрхийн 98.3 хувь нь PCR шинжилгээнд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-13 15:06:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр Сэлэнгэ аймагт хоёр өдөр дараалан коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 

“Эрүүл иргэнээс эрүүл өрх-Эрүүл өрхөөс эрүүл Сэлэнгэ” зорилтын дагуу 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Сүхбаатар сумын өрхүүдийн дунд зохион байгуулсан өрх бүрийн төлөөллийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг амжилттай явууллаа. Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан энэ ажилд иргэд иргэний үүргээ ухамсарлаж сайн хамрагдлаа. Энэ ажилд 120 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд, ариутгал халдваргүйжүүлэлтийн, харуул хамгаалалтын 60 гаруй албан хаагч ажиллажээ. Нийт шинжилгээнд хамрагдах боломжтой өрхийн 98.3 хувь нь PCR шинжилгээгээ өгсөн дүнтэй байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн коронавирустэй хүмүүсийг эмчлэх тасагт 13 өвчтөн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 14 байршлын тусгаарлах байранд 145 иргэн хяналтад байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ өдрүүдэд Улаанбаатарт байгаа иргэдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар нутагтаа татаж авах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Энэ ажилд сумдын Онцгой комиссынхон санаачилгатай сайн ажиллаж байна. Тухайлбал энэ сарын 12-ны байдлаар 17 суманд нийт 656 иргэн ирсэн аж. Түүнчлэн 8 байршилд ажиллаж байгаа  түргэвчилсэн шинжилгээний цэгт 234 иргэн шинжилгээ өгч, Улаанбаатар болон өөр аймаг, сумдад замын хөдөлгөөнд оролцжээ.

Аймгийн Онгой комиссын дарга Ш.Оргил “Улс, орон даяар нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед төрийн ажлын тасралтгүй, шуурхай байдал, залгамж чанарыг хадгалж, 2020 оны 10 дугаар сард зохион байгуулсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумынхаа иргэдийн төлөөллөөс нэр дэвшиж ирсэн 17 нэр дэвшигчийг холбогдох байгууллагын санал дүгнэлтийг харгалзан бүрэн томилгоожууллаа. Энд ямар нэгэн улс төрийн шалтаг, шалтгааныг харгалзахаасаа илүүтэй энэ онцгой нөхцөл байдлын үед сум, орон нутагтаа төрийн ажлыг, төрийн бодлогыг сулруулахгүй байх, сумдаа эзэнжүүлж, үүрэг, хариуцлага хүлээх чадамжтай болгох. Цаашлаад иргэддээ хүрсэн, иргэдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцсэн арга хэмжээнүүдийг шуурхай удирдан зохион байгуулах талд анхаарч, энэ ч утгаараа шинэ удирдлагуудыг аль болох хурдан хугацаанд ажилд нь оруулах бодлогыг баримталсан” хэмээн хэллээ.

Мөн тэрээр манай иргэд ялангуяа тохиолдол бүртгэгдсэн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг сумын иргэд сонор сэрэмжээ  сулруулахгүй, ухамсарт үүргээ сайн сахиж, харуул, хамгаалалтын ажилтнуудын зөвлөгөө, шаардлагыг биелүүлж дор бүрнээ хариуцлагатай байхыг анхаарууллаа.

 

 

 

相关新闻