Усны төлбөрийг тэглэх хугацааг ирэх оны долдугаар сарын 20 хүртэл хойшлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-23 16:44:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Дундговь-Ус” ОНӨҮГ-аас мэдээлэл хийж, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын усны төлбөрийг тэглэх хугацааг ирэх оны долдугаар сарын 20 хүртэл сунгана гэдгээ мэдэгдлээ.  

Хэдийгээр Засгийн газрын усны үнийг тэглэх шийдвэр энэ оны 12 дугаар сарын 1-нээс гарсан хэдий ч БХБЯ-наас “Цэвэр, бохир усны хэрэглээг зохицуулах” болон “Төрөөс хариуцах цэвэр, бохир усны төлбөр тооцоог зохицуулах түр журам” 20 хоногийн дараа батлагдаж гарсан тул усны төлбөрийг тэглэх хугацааг ийнхүү сунгаж байгаа ажээ.

Аймгийн төвийн гэр хорооллын 2000 гаруй өрх ухаалаг худгаас ус авахын тулд урьдчилан төлбөрөө төлж, картаа цэнэглүүлдэг байсан бол одоо ингэх шаардлагагүй ба айл өрхүүдийн усны хэрэглээний хэмжээгээр картыг нь автоматаар цэнэглээд явах юм.

Харин орон сууцны айл өрхүүд тоолуурынхаа заалтыг байцаагчдаа үнэн зөв мэдүүлснээр төлбөрийг нь төрөөс хариуцна.

Усны төлбөрийн өртэй, өмнөх саруудынхаа төлбөрийг төлөөгүй байгаа нөхцөлд ирэх оны нэгдүгээр улиралд өрийг барагдуулсны дараа тухайн өрхийн усны төлбөрийг төрөөс төлнө гэдгийг “Дундговь-Ус” ОНӨҮГ-аас мөн мэдээллээ. 

相关新闻