Шинэ оны анхны башёд Их аваргууд өнжиж, арслангууд хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны барилдаан Хацү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар барилдахгүй өнжихөөр болсон байна.
Хакүхо аваргын хувьд коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан учраас энэ удаа өнжиж байгаа бол Какүрюү аварга бэртэл гэмтэл нь эдгээгүйн улмаас барилдахгүй юм байна.
Маргааш буюу нэгдүгээр сарын 10-нд эхлэх Макүүчи зиндаанд Озэки Такакейшо, Асанояама, Шодай нарын сумочид башёг тэргүүлж байна. Энэ өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Котошохо /М-3/, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Точиношин /М-4/ тус тус учраа таарчээ.
Макүүчи буюу дээд зиндааны барилдааны эхний өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Токушёорюү /М-8/-тэй, Ичиножёо А.Ичинноров /М-12/, Тэрүцүёоши /М-12/-той, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Ютакаяама /М-15/-тай тус тус барилдана.
Харин Чёошома Г.Мөнхсайхан тэргүүтэй Коконоэ дэвжээний 4 бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан тул энэ удаа барилдахгүй болжээ.
Ташрамд дуулгахад, Сумо бөхийн холбооноос халдвартай бөхчүүд болон ойрын хавьтлын ажилтнуудыг нэгдүгээр сарын тэмцээнд оролцуулахгүй хэмээн зарлав. Тодруулбал, Коконоэ дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката, Томозүна дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката, Арасио дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката, Миягино дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката болон Минато дэвжээний халдвар авсан засуул багтжээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд 4 дэвжээний 65 бөх барилдахгүй юм байна.