Лигийн клубүүд, гишүүн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос клуб, гишүүн холбоодыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Үндэсний дээд лиг, эмэгтэйчүүдийн дээд лиг, Үндэсний нэгдүгээр лиг, Футзалын дээд лигийн клубүүд болон орон нутаг дахь гишүүн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Сар бүр тогтмол олгох мөнгөн дэмжлэгийг дээрх лигийн клубүүд үндсэн багийн болон өсвөрийн дасгалжуулагч нарын боловсрол, хөгжил болон МХБХ-ны клуб лицензжүүлэх журмын дагуу тогтвортой үйл ажиллагаанд зарцуулах юм.
“Дэлхий даяар нүүрлэсэн “Ковид-19” цар тахлын хүнд цаг үед МХБХ-ноос энэхүү дэмжих гэрээг байгуулсан нь эдийн засгийн хүндрэлтэй тулгараад буй клубүүдээ дэмжиж буй бодит, сайн менежментийн ажил гэдгийг клубийн удирдлагуудаас илэрхийлсээр байна. Санхүүжилт 38 клубт олгогдохоос 35 клубт тогтмол хүрч байгаа бөгөөд 35 клубийн сарын санхүүжилт 29 сая 800 мянган төгрөг байгаа аж.
Гишүүн холбоодын үйл
ажиллагааг дэмжих ажлын байр /оффис/ түрээсийн төлбөр нийт 21 аймгийн хөл
бөмбөгийн холбоодод олгох юм. Түрээсийн санхүүжилт сарын 300 мянган төгрөг бөгөөд одоогоор 5 аймгийн гэрээ батлагдаж, МХБХ-ноос сард 1 сая 500 мянган
төгрөгийн санхүүжилт олгож байна” хэмээн МХБХ-ны Гишүүн байгууллагуудыг
менежментийн хэлтсээс мэдээллээ.