Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 928 зөрчил илрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын энэ сарын 22-ны захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 24-25-ны өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудаас хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар холбогдох хууль, заавар зөвлөмж зөрчсөн 925 зөрчлийг илрүүлэн, үзлэг шалгалтын явцад 580 зөрчлийг газар дээр арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавар зөвлөмж өгчээ.
Энэ сарын 24-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд www.qr.ulaanbaatar.mn системд 520 492 иргэний 876 225 бүртгэл хийгдсэн байна.
Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын ажлын хүрээнд томоохон барааны зах, худалдааны төвүүдэд дараах нийтлэг зөрил илэрчээ. Үүнд:
– Хүн амын төвлөрөл их учраас хүн хоорондын зай барих боломжгүй
– Үйлчлүүлэгчийн талаарх бүртгэл хөтлөлт, QR код уншуулах байдал хангалтгүй. Тодруулбал, үйлчлүүлж буй иргэдийн мэдээлэл байхгүй мөн "И-баримт" аппликейшн хэрэглэдэггүй учрааас QR кодоо уншуулаагүй,
– Агаар сэлгэх, агааржуулалт хангалтгүй,
– Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, санамж, мөн зурагт хуудас байршуулаагүй,
– Халуун хэмжиж, хяналт хийж буй ажилтан тогтмол байрандаа суухгүй, хүн бүрээр гар ариутгал хийлгэхгүй,
– Лангуу түрээслэгч худалдагч нар нь өөрсдийнхөө халууныг үзэхгүй,
– Гадна павильон болон өдөрт машинаас худалдаа эрхлэгч нарыг зай бариулах, гар ариутгал, худалдаа эрхлэгчдийн өдөр бүр халууныг үзэж бүртгэдэггүй,
– Нэг хаалгаар орж, гардаг,
– Орчны бохирдол ихтэй,
– Бага насны хүүхдүүд үйлчлүүлэх
– Хувь хүний гар дээрээс явуулын хоол хүнсийг авч хэрэглэдэг,
– Нийтийн бие засах газрын хүрэлцээ муу,
– Халдваргүйтгэлийн зориулалтын бодис хангалтгүй,
– Тусгаарлах өрөө бэлтгээгүй,
– Ариун цэвэр муу, бэлэн мөнгөөр худалдаа хийдэг
– Задгай талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд хүндрэлтэй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн харьяа хэлтэс, хороодын нийт 1424 ажилтан гүйцэтгэжээ. Энэ үеэр 2803 аж ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.
Цаашид аж, ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.