Сүүлийн арван жилд 260 гаруй мянган удаа газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-30 10:23:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн XX зуунд Монгол оронд 8 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа, магнитуд нь 7 хүрсэн эвдлэн сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт 10 гаруй удаа болжээ.


Сүүлийн 10 жилд нийт 260750 газар хөдөлснөөс хоёр удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 113 удаа 5 магнитуд, 936 удаа 4 магнитуд, 12579 удаа 3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн 50 гаруй жилд хийсэн судалгаагаар манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9-өөс дээш баллын бүсэд оршиж байна. Газар хөдлөлийн 7 ба түүнээс дээш балл бүхий бүс нутагт нийт хүн амын 86 хувь нь амьдардаг.


Хот байгуулалтын хувьд 6 ба тvvнээс доош баллд хамрагдаж байвал нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, 9 ба тvvнээс дээш баллын ангилалд тохиромж муу гэж vнэлдэг. Хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зvvн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал, тохиромж муу ангилалд дундаас дээш уулархаг нутаг (Алтай, Хангай, Хан Хөхий гэх мэт) болон газар хөдлөлтөөс vvссэн эртний гvн хагарлын дагуух газар нутаг хамрагддаг аж.


Газрын хөрсний хэв шинжээр Улаанбаатар хот газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэйд тооцогдоно. Өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар нийслэл орчмын 200 км хүрээнд хэд хэдэн шулуун ан цав тогтоогдсон учир болзошгүй газар хөдлөлийн голомт, заримдаа 7.5 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтайг ОБЕГ-ын цахим хуудаснаа нийтэлжээ.


Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.


Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангуудаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг.


Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Энэтхэгийн хавтан, нөгөө талаас Байгалийн рифтийн таталцал юм. Энэтхэгийн хавтан Ази тивийг 50 гаруй сая жилийн өмнө мөргөсөн ба одоо хүртэл жилд 5 см /GPS-ийн хэмжилтээр тогтоогдсон/ хурдтайгаар хойш шахаж байдаг аж. Монголд тохиолдож буй том газар хөдлөлтүүд нь хойш шахаж буй дээрх хүчтэй шууд холбоотой аж.

相关新闻