ЦУОШГ-ын сүлжээ интернэт технологид шилжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-30 10:48:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЦУБ-аас цаг уурын сүлжээг интернет технологи руу шилжүүлэх зөвлөмж гаргасан. Монгол Улсын ЦУОШГ-ын сүлжээ энэ чиглэлд өөрчлөгдөж байгааг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны цахим семинар зөвлөгөөний үеэр онцлов.


Тухайлбал, сүүлийн 2 жилд аймгийн төвүүдэд өндөр ялгах чадвартай IP камер суурилуулж ашиглалтад оруулснаар цаг агаарын урьдчилсан мэдээг нарийвчлах, фронтын шилжилт тооцох, технологийн хяналт тавих, зуны улиралд цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх экспедици ажиллах үед шуурхай мэдээллээр хангах боломжтой болжээ.   


Цаг уурын автомат станцын 15 минут тутам хүлээн авдаг мэдээллээ 2020 оны 4 дүгээр сараас 5 минут тутамд шууд хүлээн авч, мэдээний тоог олшруулах,автомат станцын үйл ажиллагаа болон бусад нэмэлт мэдээлэл хүлээн авах боломжтойгоор програмаа шинэчилсэн байна. 




“Мэдээ дамжуулалтын хурд, чанарыг эрс сайжруулсан. 2018 оноос “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем”-ийн хөгжүүлэлтийн хүрээнд станц, харуулын AK-01 код мэдээг тайлах явцад 12 төрлийн анхааруулга, 28 төрлийн мэдээний алдааг шалгаж, ажиглагч алдаагүй мэдээллийг дотоодын болон олон улсын мэдээ солилцоонд гаргах болсон.

Бүх аймаг, сумыг холбосон шилэн кабелийн сүлжээ нь цаг уурын ажиглалтын станц, харуулыг нэгдсэн нэг сүлжээнд холбон цахимаар хуралдах, мэдээллийн нэгдсэн сантай болох, мэдээллийг саадгүй дамжуулах, дотоод программ хангамж ашиглах, мэдээллийн аюулгүй байдал сайжрах, интернетийн нэгдсэн гарцтай болох зэрэг шинэ боломж нээгдэж байгаа”-г тэрбээр тэмдэглэлээ.

 

ЦУОШГ өнгөрсөн оны 1 дүгээр улиралд төв байрны зааланд 4.5*2м хэмжээтэй видео дэлгэц суурилуулж, харьяа байгууллагын нэгдсэн цахим хурал хийх, цаг агаарын мэдээ хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцох боломж бүрдүүлжээ.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөлгөөд 21 аймаг, хотын УЦУОШТ-ийн дарга, ЦУОШГ-ын хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

相关新闻