Мянганы Сорилтын сангаас боловсруулсан үйлдвэрлэлийн хаягдал усыг цэвэрлэх төлөвлөгөөг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх ажлын хэсгүүд “Үйлдвэрлэлийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийг авч хэлэлцлээ.
Ажлын хэсгүүдийг Монгол Улсын Засгийн газрын Компакт гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан юм.
Хурлаар нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж руу үйлдвэр, аж ахуйн газраас нийлүүлж буй хаягдал усан дахь химийн бодисын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх зорилгоор БХБЯ тэргүүтэй холбогдох яам, агентлаг, бохирдол ялгаруулж буй үйлдвэр, ААН-ийн төлөөлөлтэй хамтран Монголын Мянганы Сорилтын сан (МСС)-гаас боловсруулаад буй “Үйлдвэрлэлийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийн талаар ярилцлаа. Энэ талаар Монголын МСС-ийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт нар дэлгэрэнгүй танилцуулж, хуралд оролцогчдын тодруулга асуултуудад хариулт тайлбар өгөв.
Хуралд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Ажлын хэсгүүдийг ахалж буй БХБ-ын дэд сайд Э.Золбоо, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Ажлын хэсгийн гишүүд болох Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г. Цогтсайхан, ахлах шинжээч П.Ганбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Алтангэрэл, УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрлийн албаны ахлах мэргэжилтэн Е.Нямсүрэн болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов.
Мөн хувийн хэвшлийнхнийг төлөөлж Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Б.Баярсайхан, түүнчлэн Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Монгол дахь суурин захирал Алекс Рассин, Монголын Мянганы Сорилтын сан (МСС)-гийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар оролцов.
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г АНУ-ын МСК-ын корпорацийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, батлуулах нь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газарт тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүдийн нэг юм. Болзолт нөхцөлүүдийг биелүүлснээр Компакт гэрээний санхүүжилтийн эрх нээгдэж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх 5 жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхлэх юм.
Энэ удаагийн хурлаар холбогдох талууд болох БХБЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Улаанбаатар хот, түүнчлэн үйлдвэр, ААН-үүдийн удирдлага хамтран төлөвлөгөөнд туссан зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэгч талуудын үүрэг оролцоог илүү нарийвчлан тодотгоод, энэ оны 2 дугаар сардаа багтаан дахин хэлэлцэж Засгийн газрын хуралд оруулахаар тохиролцлоо.
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, үйлдвэр, ААН-ээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлыг бууруулснаар MNS 4943:2015 стандартын шаардлагад нийцсэн усыг байгальд нийлүүлэх, улмаар Туул голыг цаашид бохирдохоос сэргийлэх, түүнчлэн Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Монголын Мянганы сорилтын сан МСС нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан, авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг юм.