Олимпын нэгдсэн бэлтгэл 23 дахь хоногтоо үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний шигшээ багийн нийт 150 гаруй тамирчин, дасгалжуулагч нар Олон улсын "Найрамдал" зуслан болон Техник спортын төвд олимпын бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Тэд 2021 оны нэгдүгээр сарын 11-нээс цугларалтад гарсан бөгөөд бокс, таеквондо, ширээний теннис, жүдо, чөлөөт бөх, пара жүдо, пара таеквондо, пара цанын шигшээ багийн тамирчид "Найрамдал" төвд байгаа бол Техник спортын төвд байт харваа, буудлага, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетикийнхан байрлажээ. Нийтдээ спортын 15 төрлийн тамирчид олимпын өмнөх бэлтгэлээ хийж байгаа юм.
Баг, тамирчид халдвараас урьдчилан сэргийлэх журмыг чанд баримтлан, хатуу сахилга бат, зохион байгуулалттай бэлтгэлдээ хамрагдаж байгаа бөгөөд Зуны олимп эхлэхэд 5 сар 20 гаруй хоног үлдээд буй энэ үед тэд Токиогийн олимп болно гэсэн итгэл найдвар дүүрэн бэлтгэлдээ шамдаж байгаа билээ.
Тухайлбал, Боксын шигшээ баг 28 тамирчин, 6 дасгалжуулагчтай бэлтгэлээ базааж байгаа бөгөөд саяхан тус багийн хамт олонд М.Болд захиралтай Сэлэнгэ пресс /Selengepress/ ХХК-ийн хамт олноос "Мини номын сан"-тай болгожээ.
Ташрамд дуулгахад, Токиогийн зуны 32 дугаар олимпын наадам товлосон хугацаандаа болох эсэхийг Японы Засгийн газраас 2021 оны 3 дугаар сард багтан албан ёсоор зарлах юм байна.