Говь-Алтай аймаг хөл бөмбөгийн талбай олонтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-09 11:03:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа ажлын талаар цувралаар танилцуулж байна.


Энэ удаа Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагджээ. Хөл бөмбөгийн спортыг сонирхогч, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, аймгийн шигшээ багийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэн бүс, УАШТ-д амжилт үзүүлж орон нутгийн алдар нэрийг өндөрт өргөх, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах, хүүхдэд хамтач үзэл бодол төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх зорилготой тус холбоо үйл ажиллагаагаа эхлүүлжээ.


Энэ хугацаанд Говь-Алтай аймгийн анхны УАШТ-ий медалийг 2017 онд Идэрчүүдийн УАШТ-ний хүрэл медаль хүртэж байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цом тэмцээнд 2017 онд футзалын насанд хүрэгчдийн шигшээ баг долдугаар байр, 2019 онд U-16 насны шигшээ баг шагналт тавдугаар байр, 2019 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Үндэсний цом тэмцээнд шигшээ найман багт шалгаран долдугаар байр эзэлж байв.


Мөн 2020 оны Үндэсний цом тэмцээнд нэгдүгээр шатанд наймдугаар байр, Баруун бүсийн тэмцээнд өсвөрийн шигшээ баг дөрвөн удаа алт, хоёр удаа мөнгө, хоёр удаа хүрэл медаль, УАШТ-ний шигшээ наймд нэг удаа, шигшээ 16-д хоёр удаа оролцон аймаг орон нутгийнхаа алдар нэрийг өндөрт өргөжээ. Хөл бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө батлан 2017-2020 онд 14 сум, нэг тосгонд 4650 км зам туулан хүрч grassroots фестиваль цэцэрлэг, сургуулийн насны 6854 хүүхэд багачууд болон эцэг эхчүүд нийтдээ 18600 хүнийг хамруулан зохион байгуулсан байна.


Аймгийн 30 байгууллагад 6,5 сая төгрөгийн хөл бөмбөгийн хэрэглэгдэхүүн гардуулж сумдын U-15 насны шигшээ багууд аймгийн шигшээ багтай нийт 240 хүүхэд оролцсон нөхөрсөг тоглолт хийсэн байна. Мөн Алтайн бүсийн аварга шалгаруулах футзалын тэмцээн, МХБХ /MFF/-ны D ангиллын сургалт, grassroots-ийн сургалтад 2 удаа нийт давхардсан тоогоор 105 багш, 370 хүүхэд багачууд тус тус хамруулсан байна.


Аймгийн хэмжээнд материаллаг бааз Тайшир, Халиун, Бигэр, Дарив сумдад 20x40 мини ногоон зүлгэн талбай, аймгийн төв Алтай хотод 90x45 м харьцаатай ногоон зүлгэн талбай, шинээр баригдаж буй төв цэнгэлдэх хүрээлэнд стандарт шаардлага хангахуйц ногоон зүлгэн талбай, Жаргалан сум 20х40 харьцаатай ногоон зүлгэн талбайг тус тус баригдахаар төлөвлөөд байгаа аж.


Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүдэд С.Пүрэвжав, Д.Анхбаатар, С.Мөнхнасан, Х.Мөнхцогт, хөл бөмбөгийн холбооны нарийн бичиг даргаар ажилладаг. Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч АFC-ийн C зэрэглэлийн дасгалжуулагч Л.Хатанбаатар, шигшээ багийн дасгалжуулагч MFF-гийн D зэрэглэлийн дасгалжуулагч Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус ажиллаж байгаа юм.

相关新闻