Сонголтот сургалтад багш, ажилтнуудыг хамруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш, ажилтнуудыг мэргэжлийн сургалтаар тасралтгүй хангах зорилгын хүрээнд, цар тахлын нөхцөл байдлын улмаас сонголтот сургалтыг цахимаар зохион байгуулав.
Сонголт сургалтын тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаал гарч, 12-р сарын 18-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 1-ний хооронд 36 арга зүйчийн 31 Сонголтот хөтөлбөрийн хүрээнд http://esurgalt.itpd.mn/ цахим сургалтын систем болон Google meet, Google Classroom нээлттэй хэлбэрээр бүртгэлийг зохион байгуулсан юм.
Энэ хугацаанд сургалтад хамрагдахаар 49 мянга 596
оролцогч бүртгүүлснээс давхардсан тоогоор 37 мянга 386 оролцогч буюу 75,3 хувь
нь 36 арга зүйчийн 31 сургалтын хөтөлбөрөөс өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан
сонгон суралцжээ. Сонголтот сургалт 2 ээлжээр явагдсан бөгөөд эхний
ээлжийн сургалт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн бол хоёр дахь
ээлж нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний хооронд
амжилттай зохион байгуулагдлаа.
Оролцогчдын эрэлт,
хэрэгцээ, чөлөөт сонголтод тулгуурлан, Төрөөс боловсролын талаар баримтлах
бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
хүрээнд нээлттэй, олон талын оролцоог хангасан, сонголттой байх зарчмыг
баримтлан СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтнуудад зориулсан тус
сургалт Мэдээлэл харилцааны технологи, Интернет, компьютерийн түгээмэл
хэрэглэгдэх англи хэл, Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга
зүй гэсэн ерөнхий агуулгын хүрээнд явагдсан юм байна.