Агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-02-18 17:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн  агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж, химийн аргаар тодорхойлж www.agaar.mn  сайтад өдөр бүр мэдээлж байна.


Агаарын тоосонцорт хэдхэн молекулын кластер хэмжээнээс 20 мкм хүртэлх диаметртэй хатуу, шингэн жижиг хэсгүүд хамаарна. Амьсгалаар нэвтэрч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь том болон нарийн ширхэглэлт тоосонцор РМ2.5, PM10 юм.


Хүн агаарын тоосонцроор амьсгалснаар түүний жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөл үүсгэдэг. Агаарын чанарыг үнэлэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцохдоо тоосонцрыг 2.5-10 микрометрийн аэродинамик диаметртэй буюу том ширхэглэлт тоосонцор (PM10) ба 2.5 микрометрээс бага буюу нарийн ширхэглэлт тоосонцор (PM2.5), хэт нарийн ширхэглэгт тоосонцор (PM0.1) гэж ангилдаг.


Агаарын тоосонцрууд нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй, төрөл бүрийн химийн бодисоос тогтдог. Зарим нь эх үүсвэр дээрээс шууд ялгардаг бол ихэнх нь агаар дахь бусад бохирдуулагчийн химийн урвалаас үүсдэг. Тоосонцорын эх үүсвэр байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй.


Том ширхэглэлт тоосонцор (PM10) голдуу байгалийн гаралтай буюу механикаар өгөршиж бутарсан хөрс, тоос, далайн давс, био-аэрозолын хэсгүүд юм. Салхи, хөдөлгөөн зэргээр хөрсний жижиг хэсгүүд агаарт салхиар зөөгдөн, эрдсийн тоосонцорыг атмосферт оруулж ирдэг. Эдгээр тоосонцорын найрлага нь царцдаст ихээр агуулагдах хөнгөн цагаан, цахиур, төмөр, кальци болон калийн ислүүд байдаг.


Харин нарийн ширхэглэлт тоосонцор нь ихэвчлэн хийн төлөв дэх бодисын конденсацийн үйл ажиллагаа, дутуу шаталтын дүнд үүсдэг. Гол эх үүсвэр нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн, ахуйн шаталтын болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй аж.

 

相关新闻