АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах тунхаглалыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-11 00:50:26

 АСЕМ-ын дээд түвшний дагалдах хурлуудын нэг болох Ази Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт Төрийн ордонд зургадугаар сарын 9-10-нд амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтад 42 орны Сангийн сайд, дэд сайд нар, удирдах албан тушаалтнуудаас гадна 13 орны банк санхүүгийн байгууллагын удирдлага нийт 210 төлөөлөгч оролцлоо.

“Ази–Европын Хөгжлийн төлөөх түншлэл сэдвийн хүрээнд Ази-Европын хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү хүртээмжтэй тэнцвэртэй өсөлтийг бий болгож, хоёр тив хамтдаа хөгжил, цэцэглэлтэд хүрэх талаар санал нэгдэв. Энэ удаагийн уулзалтад оролцсон тэргүүлэгчид Ази-Европын эдийн засгийн хамтын ажиллагаа нь дэлхийн болон бүс нутгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар хэлэлцэж бүс нутаг дамнасан дэд бүтцийн төслүүдийг дэмжихийг уриалахаас гадна уулзалтын үр дүн болгож ирэх сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах Тунхаглалыг батлан гаргалаа. Ийнхүү дээд түвшний уулзалтаас “Улаанбаатарын Тунхаглал” болон “Даргын мэдэгдэл” гэсэн хоёр бичиг баримт гаргав. АСЕМ-ын түншүүд, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор өнгөрсөн 20 жилийн санал санаачилга, төсөл хөтөлбөрүүд, ололт амжилтыг дүгнэж, ирэх арван жилийн зураглалыг тодорхойлсон товч бөгөөд тодорхой баримт бичиг гаргасныг албаныхан хэллээ.

Улаанбаатарын тунхаглал нь АСЕМ-ын албан бус яриа хэлэлцээний арга хэлбэрийг дэмжихийн сацуу тус уулзалтыг бодит үр дүнд хүрэх саналуудыг тусгасан бол “Даргын мэдэгдэл” нь АСЕМ-ын Ази-Европын Дээд түвшний уулзалтаар хэлэлцэгдэх нийтлэг ашиг сонирхол бүхий тулгарч буй асуудлуудыг нэгтгэжээ.

“Ази, Европын тивийн хөгжилд хөтлөх уялдаа холбооны төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд зохиогдож буй энэ удаагийн Сангийн сайд нарын уулзалтаар дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн орчны өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон олон улс болоод бүсийн санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн асуудлыг  хэлэлцлээ.

Б.Заяа

相关新闻