“Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо ба нөлөөлөл” уулзалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Дундговь
аймгийн удирдлагууд салбар, салбарын төлөөллийг оролцуулан “Орон нутгийн
хөгжилд- эмэгтэйчүүдийн оролцоо ба нөлөөлөл” уулзалт зохион байгуулж,
эмэгтэйчүүдээ сонсож, ярилцлага өрнүүллээ.
Уулзалтад төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл
болсон 40 гаруй эмэгтэй оролцсон юм.
Гуравдугаар сарын наймны энэ өдрийг эмэгтэйчүүд, ээжүүд,
бүсгүйчүүдийн баяр болгон тэмдэглэдэг уламжлал бий. Гэхдээ энэ удаа Дундговь
аймгийн удирдлагууд эмэгтэйчүүдээ сонсож, хөгжлийн асуудалд хэрхэн
оролцох талаар санал солилцсон нь эмэгтэйчүүдэд эрхээ эдлэх, шийдвэр гаргах
түвшинд үгээ хэлэх боломж олгосон үйл ажиллагаа болжээ.
Эмэгтэйчүүд өөрсдийнхөө тулгамдсан асуудлыг ярьсангүй.
Харин аймаг, сум, орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн ярилаа.
Хамгийн чухал нь “Хөгжил- оролцооноос-хүний хөгжлөөс эхэлнэ” гэсэн нэгэн
ойлголтод хүрч чадсан нь уулзалтын үр дүн байсан юм.
Асуудал байсан, эмэгтэйчүүд маш олон асуудлыг хөндөн ярилцсан.
Хог, архидалт, хөдөлмөр эрхлэлт, ядуурал, эрүүл мэнд, төрийн байгууллагын ажилтнуудын
хүнд суртал, бизнес эрхлэгчдийн түрээс, мэдээллийн ил тод байдал, боловсрол,
эрүүл мэнд, хүчирхийлэл, бага насны охидын боловсрол гэх мэт маш олон асуудлыг
хөндсөн.
Асуудал байгаа бол “асуулт” байдаг. Асуултаа зөв
тодорхойлж чадвал хариулт нь гардаг, хариулт байвал шийдэл олддог гэдэг.
Тиймээс энэхүү уулзалтаар энэ бүх асуудал хувь хүний боловсрол, хувь хүний
хөгжилтэй холбоотой байна хэмээн тодорхойлсон. Тиймээс “Хувь хүний хөгжлийн
төлөө нэгдэцгээе” хэмээн уриалж, аймгаараа ном уншдаг, өглөө эрт дасгал
хөдөлгөөн хийдэг, аймгаараа хоггүй болох гэх мэт олон ажлыг хамтран хийх,
хэрэгжүүлэх саналууд гарсан юм.
Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат ОНХС-ийн хөрөнгийн 30 хувийг
аймгийнхаа иргэдийн хөгжлийн асуудалд зарцуулж байх санал гаргаж, шийдэх талаас
нь дэмжихийг аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, тус хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдэд
хандан хүссэнд уулзалтад оролцсон эмэгтэйчүүд дэмжсэн байна.




