Жилд 100 өрхийг ажлын байртай болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/6048784228be4.jpeg)
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХХҮГ-аас "Нэг өрх- Нэг ажлын байр" хөтөлбөрийг боловсруулан энэ сараас хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох, ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зэргээр цогц хэлбэрээр шийдэхийг зорьж байна. Хөтөлбөрт хамруулах өрхийг сонгохдоо тухайн гэр бүлд хөдөлмөрийн насны хэдэн хүн байгаа, ХБИ бий эсэх гэхчлэн олон хүчин зүйлийг харгалзан үзнэ гэв.
Дорнод аймгийн нийт хүн амын 42 хувийг хөдөлмөрийн насны иргэд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар энэхүү хөдөлмөрийн насны нийт иргэдийн 92 хувь буюу 30922 иргэн ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа бий. Гэвч хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46 хувь нь эмэгтэйчүүд, 63 хувь нь 15-34 насны залуучууд байгаа нь эмэгтэйчүүд, залуучуудад зориулсан ажлын байрыг түлхүү нэмэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү дээрх хөтөлбөрийг боловсруулсан байна.