Шалгалтын эхний өдөр 138 иргэнээс 41 нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-13 11:28:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар эхлээд байна. Сэлэнгэ аймгийн тухайд энэхүү шалгалтыг 3 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 328 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Шалгалтын 1 дүгээр ээлж буюу 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгаас шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 185 иргэн оролцох хуваарьтайгаас 138 иргэн хамрагдаж, ирц 74.5 хувьтай оролцжээ. Эдгээр 138 иргэнээс 41 нь тэнцсэн байна.

Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөнө. Үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан нь эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэх юм. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдох аж.

Ингэснээр хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэнэ. Мөн 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгалтад тэнцсэнд тооцогдох юм. Шалгалтын даалгавар нь хүн тус бүрт өөр байх бөгөөд цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдсөн байна. Шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд төрийн албаны шалгалтад тэнцсэнд тооцогдож, нөөцөд бүртгэгдэх ажээ. 

相关新闻