Хотын дарга Зүүн Азийн залуучуудын наадмын ЗБХ-г тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-15 19:39:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр уулзаж, 2023 онд Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын асуудлаар санал солилцов.


МҮОХ-ны албан ёсны хүсэлтээр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын II наадмын Зохион байгуулах хороог тэргүүлнэ.


МҮОХ, Улаанбаатар хот, Зүүн Азийн наадмын холбоо /EAOC/ нь 2017 оны 7 дугаар сарын 29-нд Тайчүн хотноо гурвалсан гэрээнд гарын үсэг зурснаар, Монгол Улсын нийслэлд зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахаар болсон.


Энэхүү уулзалтад нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Дэлгэр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн БТСХ-ны дарга Ж.Ганболд, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, зөвлөх Ж.Отгонцагаан, “Улаанбаатар спорт менежмент” Нийслэлийн төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Тамир, гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр нар байлцлаа.



Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогдох Зүүн Азийн залуучуудын II спортын наадам нь 2023 оны IX сард Улаанбаатар хотод зохиогдож, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Хонконг, Хятадын Тайпэй, Монгол болон Гуам /урилгаар/-ын баг тамирчид оролцох юм.


Ташрамд дуулгахад, Чөлөөт бөхийн тамирчин байх үедээ Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар “Бусан-1997” Зүүн Азийн II наадмаас алт, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Хонконг-2009” Зүүн Азийн V наадмаас хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

相关新闻