Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог халдваргүйжүүлж дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-19 14:21:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ариутгал, халдваргүйтгэл хийж дууслаа. 

Дээрх хорооны нутаг дэвсгэрт коронавирусний халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул энэ сарын 17-ны 6.00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23.00 цаг хүртэл хөл хорио тогтоосон. Тус хороонд энэ сарын 8-наас хойш халдварын нийт 108 тохиолдол батлагджээ.

Баянзүрх дүүргийн Онцгой комисс шуурхай ажиллаж 5 хоногийн хөл хориог өнөөдөр буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 


Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Онцгой комисс 16 мянган иргэнээс авах ёстой шинжилгээг 2 өдөрт авч дуусжээ. Мөн тус хороонд "Орхон-овоот" компанитай хамтарч, нийт 118 орон сууцны 243 орц, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, цонх хаалга зэрэг 91.7 мянган ам дөрвөлжин метр талбайг халдваргүйжүүлсэн байна.


Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргасан захирамжийн дагуу дүүргийн Онцгой комисс тухайн хороонд ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

Тус хороонд:

  • тус бүр 4 хүнтэй эрүүл мэндийн 36 баг,
  • Онцгой байдлын 20 алба хаагч,
  • цагдаагийн байгууллагын 310 алба хаагч,
  • Түр шуурхай штабын цэгүүд ажиллажээ.

Өнөөдрөөс 26 дугаар хороонд оршин суугч хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 50-64 насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалт 133 дугаар сургууль дээр энэ сарын 21 хүртэл явагдах юм.  



相关新闻