Монгол Улс өрсөлдөх чадварын индексээр 65 дугаар байрт жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-17 14:35:24

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын тайланд хамрагдсан 69 улсаас 65 дугаар байрт эрэмбэлэгджээ.


Энэ нь нийт 100 онооноос 40 оноо авсан нь өмнөх оныхоос 5 оноогоор буурч 4 байр ухарсан үзүүлэлт юм. Үүнд эдийн засаг, засаглал,  бизнесийн орчин, дэд бүтцийн үзүүлэлт буурсан нь голлон нөлөөлснийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Ч.Ганбат ярихдаа,  “Энэ эрэмбийг өнгөрсөн оны статистик үзүүлэлт, энэ онд бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын дүнд үндэслэн гаргасан. Эдийн засгийн тамир тэнхээ 13, Засаглалын үр ашиг 7, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа 3, дэд бүтэц бүлэг 2 эрэмбээр тус тус ухарсан. Харин ажиллах хүчний урт хугацааны өсөлт сайжирч, аялал жуулчлалаас олсон орлогын хэмжээ өссөн бол нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ, амьдралын чанар буурсан үзүүлэлттэй гарсан” хэмээв.


Манай улсад уул уурхай болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд хэт өртөмтгий байх, дотоодын мөнгөний бодлогын тэлэлт болон дэлхийн худалдааны дайнаас үүдэлтэй инфляцын дарамт, татварын ачаалал болон төрийн хэт оролцооноос болж бизнесийн орчин муудах, боловсролтой, чадварлаг залуучууд гадагш дүрвэн, дотоодын зах зээл чадварлаг мэргэжилтэний хомсдолд орох, уур амьсгалын өөрчлөлд өртөмтгий байх зэрэг асуудал энэ онд тулгарч болзошгүй аж.


Дэлхийн өрсөлдөх чадварын энэ оны тайланд Швейцар улс тэргүүлж, Сингапур, Дани, Арабын Нэгдсэн Эмират, Ирланд, Швед улс эхний 10 байрт эрэмблэгджээ. 

 

 

 

相关新闻