Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 210 хүн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт
хийсэн PCR шинжилгээгээр 210 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь
коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт
болж байна.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 10 049 хүнд шинжилгээ хийжээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 206 нь Улаанбаатар хотод, гурав нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Будапешт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Үүнээс 185 нь ойрын хавьтал бөгөөд 25 хүний халдвар авсан эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5186 болж байгаа бөгөөд үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 4652, Улаанбаатарынх 4284, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 426 боллоо.
Сүүлийн 24 цагт
хүн 129 эдгэрснээр нийт эдгэрсэн хүний
тоо 3606 болж байна.