Сүхбаатар суманд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-24 11:48:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол аймаг, орон нутагт дамжин тархаж, нөхцөл байдал хүндрээд байна. Иймд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт халдварын голомт бүхий орон нутгаас ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 3 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 26-ны 06.00 цаг хүртэл хязгаарлалт тогтоолоо.

Сэлэнгэ аймагт Дархан-Уул аймгаас асуумжаар ирсэн хоёр иргэн 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар суманд сүлжээний бизнесийн сурталчилгааны ажлаар ирж, үйлчилгээний байгууллагууд, иргэдтэй уулзсан өгүүлэмжтэй байгаа. Эдгээр иргэдийг энэ сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгаас хувийн автомашинаар тосч авах явцад нь дөрвөн замын шалган нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу эерэг гарчээ. Улмаар баталгаажуулах PCR шинжилгээгээр батлагдсан байна. Түүнчлэн Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн хэмжээнд сумдын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд болзошгүй эрсдэлийг үнэлж, шуурхай хариу арга хэмжээ авах ажиллагааг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байна. Тодруулбал:

-Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгах, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах,

-Сумын тусгаарлах болон ажиглах байрны бэлтгэл бэлэн байдлын хангах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах,

-Автозамын шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хяналтыг чангатгах,

-Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн болон үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиулж ажиллах,

-Сумдын Онцгой комисс сум орон нутгийнхаа орох, гарах хөдөлгөөнд зохицуулалт хийж, эрсдэл бүхий бүс нутаг руу иргэдийг зорчуулахгүй байхад анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Мөн Сүхбаатар суманд үүсэн нөхцөл байдалтай уялдуулан:

-Хүнс, шатахуун, эмийн сангаас бусад төрлийн худалдаа үйлчилгээг хориглох, төр төсвийн байгууллагуудын ажилчдын 10 хүртэлх хувийг ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох,

-Тандалт судалгаа /Ойрын болон дам хавьтлыг нэг бүрчлэн тогтоох/

-Ариутгал халдваргүйжүүлэлт хийх

-Хөл хорио тогтоох

-Орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахыг Сүхбаатар сум болон мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

 

 

相关新闻