"Газар хөдлөлтийн аюул" гарын авлагыг бэлтгэн гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/6066995b795b9.jpeg)
Дорнод /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтөд нэрвэгдэж байсан гаднын орнуудын туршлага, сургамжид тулгуурлан "Газар хөдлөлтийн аюул" гарын авлагыг бэлтгэн гаргажээ. Тодруулбал, газар хөдлөлтөд бэлэн байхын тулд айл өрх юу хийх, газар хөдлөлтийн үед хэрхэн яаж ажиллах, газар хөдлөлтийн дараа анхаарах зүйлсийн талаар энгийн байдлаар тайлбарлан зөвлөсөн зөвлөмжүүдийг тусгасан байна.
Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, ялангуяа Газрын тосны 19, 21-р талбайн орчимд ойрхон давтамжтай болж байгаа учир дээрх гарын авлагыг бэлтгэн иргэдэд хүргэж байгаа юм. Манай улсад тохиолдож буй газар хөдлөлтийн тоо, давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 59699 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс магнитуд нь 3,5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 59 удаа болжээ. Харин Дорнод аймгийн хувьд 2020 онд болсон эдгээр газар хөдлөлтүүдээс тектоник хөдөлгөөний идэвхжил сул, хүчтэй газар хөдлөлт сүүлийн 100 жилд бүртгэгдээгүй байсан боловч сүүлийн нэг жилийн дотор Матад, Халхгол суманд 3,6-5,1 магнитудын газар хөдлөлт 9 удаа бүртгэгдсэн байна.
Дээрх газар хөдлөлтүүд нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байх магадлалтай төдийгүй чичирхийллийн цараа жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Аймгийн хүн амын төвлөрөл ихэсч, барилгажилтын нягтрал нэмэгдсэн зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа учир газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, иргэдийн энэ талын ойлголтыг нэмэгдүүлэхэд бодит шаардлага бий болж байна гэж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тодотгон хэлэв.